05-18-gox-alexander-vinnik2

Хамгийн олон Биткойн хулгайд алдагдсан хэргийг илрүүлсэн нь

Тэр өдөр Kim Nilsson маш ихээр бухимдаж байв. 2014 он байсан бөгөөд хэн нэгэн түүний Биткойнуудыг түгжиж орхисон байлаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой байсан бөгөөд цагдаа нар юу болоод байгааг нь ойлгох ямар ч чадваргүй байгаа нь илт байв.

Зооснууд нь одоогоор дампуурч алга болсон Mt. Gox арилжааны сайтаас алга болсон бөгөөд, тухайн үеийн ханшаар $400 сая доллар салхинд хийссэн мэт дижитал ертөнцөд алга болж байлаа.

Бусад хөрөнгө оруулагч нар сэтгэлээр унаж бууж өгсөн бол ноён Nilsson эцсээ хүртэл тэмцэхээр шийджээ. Тэрбээр нэг хуульч болон өөртэй нь адил Биткойноо алдсан өөр нэгэн хөрөнгө оруулагчтай хамтарч баг байгуулав. Үүнээс улбаалж тэдний 3 жил үргэлжлэх аян эхэлсэн бөгөөд энэхүү тэмцэл нь өнгөрсөн зун Грек улсын нэгэн далайн эрэг дээр өндөрлөсөн. Тэнд 1000 жилийн түүхтэй сүмийн доор АНУ-ын FBI-ын мөрдөгч нар нэгэн Орос залууг $4 тэрбум хулгайлсан хэргээр баривчилжээ. Энэхүү гэмт хэрэг нь крипто зах зээл дээр болж байсан хамгийн том гэмт хэрэг юм.

Ноён Nilsson-ы энэхүү түүх болон түүний сүүлийн 3 жил хийж суусан ажил нь одоогоор цоо шинэ салбарыг бий болгох хүртлээ хөгжиж эхэлж байна. “Блокчейн археологи” гэж түүний нэрлэсэн энэ шинэ салбарт олон тооны хувь хүмүүс, байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхлэх болсон бөгөөд тэд том банкнуудад, байгууллагуудад, арилжааны биржүүдэд, болон хууль хүчний байгууллагуудад блокчейн дээр үйлдэгдсэн байж болзошгүй гэмт хэргүүдийг илрүүлж өгөхөд тусалдаг гэнэ. АНУ-ын FBI, IRS, болон CIA гэх мэт байгууллагууд нь бүгд өөрсдийн дотоод блокчейн мөрдөгчтэй болжээ.

Биткойн гарч ирснээс хойш 9 жилийн хугацаанд хамгийн оргил үеийн ханшаар $15 тэрбумтай тэнцэхүйц хэмжээний крипто валют хулгайд алдагдсан. Эдгээр халгайнуудаас хамгийн том нь яахын аргагүй MT. Gox дээр болсон хулгай юм.  Mt. Gox крипто арилжааны бирж нь эхэн үедээ дэлхийд хамгийн томд тооцогддог байв. Токио хотод байрлалтай тус биржээс ноён Nilsson 2012 онд анх Биткойн худалдан авч байсан бөгөөд түүнээс хойш бага багаар хөрөнгө оруулалт хийж чамлахааргүй хэмжээний Биткойнтой болсон байжээ.

Гэвч тухайн үеийн хэрэглэгч нар нь л мэдэхгүй байсан болохоос аль 2011 оноос эхлээд хакерууд Mt. Gox компанийн Биткойн хэтэвчний түлхүүрүүдийг хулгайгаар олж авсан байсан бөгөөд 2011 оноос эхэлж 4 жилийн хугацаанд ойролцоогоор 630’000 ширхэг Биткойн хулгайлсан байна. MT. Gox биржийн эзэн, Франц улсын иргэн Mark Karpeles хулгай болж байгааг мэдэж байсан ч үйл явдлыг нуух гэж оролджээ. Аргагүй эрхэнд тэрбээр 2014 онд дампуурлаа зарлав.

Тус үйл явдлаар Daniel Kelman гэгч хуульч залуу $400’000 алдсан бөгөөд, алдсан мөнгөнийхөө учрыг олохын тулд тэрбээр Токио хотыг зорьжээ. Тэгэхдээ мөн адил хохирсон Maurice болон Nilsson хоёртой учирч, 3 залуу хамтарч баг болж хэргийн учрыг тайлахаар зорив. 3 залуу WizSec хэмээх компани байгуулж, компанийнхаа чиглэлийг “Биткойн Хамгаалалтын Мэргэжилтнүүд” гэж тодорхойллоо. Эхэндээ шинэ бизнесийг нь хэн ч сонирхсонгүй. “Үйл ажиллагаа гэвэл би өдөржингөө ганцаараа нэг өрөөнд компьютерын ард сууж өнгөрөөдөг байсан” гэж Nilsson хэлэв.

Ноён Nilsson-ы хувийн компьютер нь тоглоомын зориулалттай угсарсан компьютер байсан бөгөөд Биткойны блокчейны түүхийг бүхлээр нь уншиж хайхад хүчин чадал нь дутаж байв. Нэг хайлт хийхийн тулд бүтэн шөнийг зарцуулдаг байсан гэнэ. Үүний хариуд Блокчейны түүхийг бүхлээр нь индекс хийдэг програм тэр бичиж, түүгээрээ дамжуулж гүйлгээ бүрийн оролт, гаралт, болон хаягийг шууд хайх чадвартай систем бүтээжээ.

Гэсэн хэдий ч хэргийг илрүүлэхэд бас л хол байлаа. Биткойн хэтэвчнүүдийн хооронд, хаанаас хаашаа зоос хэрхэн шилжиж байгааг хурдан харах боломжтой болсон ч аль хаягны ард хэн байгааг тогтоох боломжгүй хэвээрээ. Тухайн үед олон хүн Mt. Gox-ын эзэн Karpeles-ыг өөрийг нь хулгай хийсэн гэж ихээр сэжиглэж эхлэх болсон бөгөөд гэнэт нэг өдөр Karpeles өөрийн буруугүй гэдгийг батлахын тулд Nilsson-той уулзахаар зөвшөөрөв. Энэхүү уулзалтаар Karpeles Nilsson-д Mt.Gox-ын эзэмшиж байсан хэтэвчнүүдийн хаягийн жагсаалтыг гаргаж өгснөөр хамгийн анхны том сэжүүр байв.

Тэрбээр тус хаягнуудын мэдээллийг шалгаж, Mt.Gox аль 2011 оноос мөнгө алдаж эхэлснийг тодорхойлсон байна. Энэхүү мэдээллээ тэр онлайн сайт дээр блог нийтлэл болгоно гаргажээ. “Хэрэв Karpeles хулгайлаагүй юм бол, хэн хулгайлсан бэ?” гэдэг гарчигтай тус нийтлэлээ бичээд удаагүй байтал түүнтэй АНУ-ын IRS мөрдөгч Gary Alford холбогджээ. Тус мөрдөгч нь зүгээр ч нэг мөрдөгч биш харанхуй интернетийн орчинд хамгийн том хар тамхины зах болох Silk Road-ын үүсгэн байгуулагчийг илрүүлж байсан мөрдөн байцаагч байв. Silk Road-өөс улбаатай Биткойн хаягуудыг мөрдөж байсан Gary Alford болон Mt.Gox хэргийг мөрдөж байсан Nilsson хоёрын зам нэг цэг дээр огтлолцсон байна. Тэр цэг нь BTC-E арилжааны бирж.

Mt. Gox-оос хулгайд алдагдсан зооснууд маш олон дамжлагаар дамжсан ч, эцсийн зогсоолуудын нэг нь BTC-E биржийн эзэмшдэг хэтэвчний хаяг байв. BTC-E биржийг ажиллуулдаг админ нь онлайн самбар дээр тус мэдээллээ нийтэлсэн байснаас уг холбоог олсон гэнэ. Мөн Silk Road зах дээр арилжаалагдсан Биткойнуудыг буцаагаад бэлэн мөнгө болгодог гол биржүүдийн нэг нь BTC-E болохыг тогтоосон байна.
Үүний дараагаар АНУ-ын FBI-ынхан BTC-E биржийн эзнийг олох эрэлд гарсан бөгөөд хэсэг хугацааны мөрдөх ажиллагааны дараагаар(ихэвчлэн банкны гүйлгээ болон бүртгэл шалгасны үндсэн дээр) эзэн нь Орос улсын иргэн Vinnik хэмээх залуу гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Гэвч Орос улс өөрийн иргэнийг гадаад хүчний байгууллага руу шилжүүлж өгөхгүй гэдгийг мэдэж байсан тэд Vinnik-ыг баривчлах боломжоо хүлээж эхэлжээ. 2017 оны 7 сарын 25-нд Vinnik Грек улс руу амрах гэж аялах үед боломж гарч ирэв. Жирийн хувцас өмссөн цагдаа нар түүнийг далайн эрэг дээр амарч байх үед нь бүсэлж баривчиллаа. Дээрх хэргүүдээр нь АНУ улс түүнийг АНУ газар нутаг руу шилжүүлж шүүх хүсэлт Грек улсын шүүхэд гаргав.
Гэвч Орос улс өөрсдийн иргэнийг тийм ч амар алдахгүй. Орос улсын шүүхийн байгууллага Vinnik дээр $9500 доллар онлайнаар хулгайлсан гэмт хэрэг үүсгэж, Грек улсаас түүнийг Орос руу шилжүүлэхийг хүссэн байна. Одоогоор түүний хувь заяа тодорхойгүй хэвээр л байсаар байна.

Харин Nilsson -ы хувьд тэрбээр зөв хүнээ олсон гэдэгтээ итгэлтэй байгаа боловч, Биткойноо буцааж авах боломжгүй тул харамссан хэвээр  байгаа гэнэ. Тэрбээр анх Биткойны үнэнч итгэгч нарын нэг байсан бөгөөд Биткойн ашигласнаар төрийн байгууллага, санхүүгийн байгууллага, хулгайч нартай харьцах ямар ч хэрэггүй болно гэж итгэж байжээ. Гэтэл энэ үйл явдлаас болж сүүлийн 3 жилийг ийм төрлийн байгууллага болон хүмүүстэй харьцаж өнгөрөөсөн гэнэ.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.