IBM-and-Maersk-Collaborate-To-Create-Global-Supply-Chain-08-09-2018-2048x1024

IBM Maersk өдөрт 1 сая тээвэр бүртгэж байна

IBM компани нь дэлхийн хамгийн том тээврийн компаниудын нэг болох Дани улсын Maersk компанитай хамтарч тээврийн бүртгэл хөтөлдөг TradeLens хэмээх үйлчилгээг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү блокчейн дээр тээврийн бүртгэл хийдэг үйлчилгээнд одоогоор 94 байгууллага орсон байгаа бөгөөд аль хэдийнээ 154 сая бүртгэл хөтлөгдсөн байна. Энэхүү хөтлөлтийн тоо нь өдөрт 1 саяар нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Тэдний мэдээлэлж байгаагаар уг хөтлөлт нь тээвэр бүрийн тухай мэдээллийг цаг алдалгүйгээр хөтөлж харуулах чадвартай бөгөөд блокчейн дээр хийгдсэн болохоор нэгэнт бүртгэгдсэн бол бүртгэлийг устгах, засах, хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй.

TradeLens үйлчилгээг хэрэглэж байгаа байгууллагын тоонд 20 гаруй порт болон терминал ажиллуулагч нар, гаалийн байгууллага, тээвэр зуучийн компаниуд, логистик болон карго компаниуд багтаж байна.

Мөн Maersk компаниас гадна Hamburg Sud, Pacific International Lines компаниуд нь оролцогч бөгөөд эдгээр 3 компани нийлээд дэлхийн нийт тээврийн 20%-г эзэлдэг. Блокчейн дээр суурилсан уг үйлчилгээ нь яваандаа Internet of Things (IOT) төрлийн технологиудыг улам илүү шингээж контейнер бүрийн температур, жин зэрэг мэдээллүүдийг хөтөлж эхлэх гэнэ.

Блокчейн ашигласны давуу тал нь юу вэ? Энэхүү үйлчилгээнээс өмнө “Миний контейнер яг одоо хаана байна?” гэсэн асуултад хариулахын тулд 10 алхам хийгдэж 5 зууч компаниар дамждаг байсан. Тэгвэл одоо шууд, ямар ч зуучийн шаардлагагүйгээр 1 алхмын дотор тодорхойлох боломжтой болж байна. Нэг судалгаагаар тус үйлчилгээг ашигласнаар АНУ-д үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийн баглаа болон савлагааны материалыг тээвэрлэх хугацааг 40% бууруулах боломжтой гэж гарсан байна.

Одоогоор энэ үйлчилгээг сонирхсон хүмүүс хүсэлт гаргаж, нэгдэж ашиглах боломжтой бөгөөд олон нийтэд жилийн эцсээр нээлттэй болох юм байна. Монгол улсын тээвэр зуучийн компаниуд болон гааль хэрэглээд эхлэвэл ч гааль дээр гардаг авилгал, хээл хахуулийн асуудал амархан шийдэгдэх нь дээ.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.