s3-news-tmp-56351-untitled_design_10_0--2x1--940

Биткойн болон блокчейны бодит байдал

Гэрээнүүд, гүйлгээнүүд, болон тэдгээрийн бүртгэл нь манай дэлхийн эдийн засаг, хууль зүй, болон улс төрийн системийн үндэс сууриуд билээ. Эдгээр бүртгэлүүд хүний өмчийг хамгаалж, байгууллага болон улс төрийн эрх зүйн хязгааруудыг тодорхойлж өгч байдаг. Эдгээр бүртгэлүүд нь үйл явдлуудыг баримтжуулж, баталгаажуулж өгдөг. Эдгээр бүртгэлүүдийн тусламжтайгаар улс гүрнүүд, байгууллагууд, нийгмүүд, хувь хүмүүс хоорондоо хамтарч, харилцах бололцоотой болдог. Гэвч эдгээр бүртгэлүүд нь орчин цагийн дижитал технологийн хөгжилтэй зэрэгцэж хөгжиж чадалгүйгээр өдийг хүрлээ. Замын ид түгжрээ дунд уралдааны машин гацаад зогсож байгаа мэт хоцрогдож байна.

Энэхүү асуудлыг блокчейн шийдвэрлэнэ гэж амлаж байгаа юм. Тархмал хөтлөлтийн технологи нь дижитал орчинд хоёр хүний хооронд хийгдсэн гүйлгээ, эсвэл гэрээг бүртгэж авах чадвартай бөгөөд нэгэнт бүртгэгдсэн бүртгэл нь чулуунд сийлснээс ч илүү найдвартайгаар хөдлөшгүй үнэн болж үлдэх юм. Блокчейн технологи хөгжсөн ирээдүйд бүх гэрээ, процессын үйл явц, эд зүйлсийн хөдөлгөөн бүр дижитал орчинд бүртгэгдэж, хуурамчаар үйлдэх боломжгүйгээр, хялбархан найдвартай эсэхийг шалгаж болох онлайн гарын үсгээр баталгаажна. Энэ ирээдүйд бидэнд хуульч, зууч, банкер гэдэг мэргэжлүүд магадгүй хэрэггүй болох юм. Энэ бол блокчейн технологийн агуу потенциал.

Гэвч энэ ирээдүйд хүрэх тийм хялбар биш. Энэхүү ирээдүйг бодит байдал болгохын тулд одоогийн нийгэмд байгаа сул талтай, алдаатай, хэсэгхэн бүлэг хүний эрх ашгийн төлөө ажилладаг маш олон тогтолцоонууд эхлээд бага багаар блокчейнд дийлэгдэж унах шаардлагатай. Блокчейн технлоги нь бизнес болон улс төрийн орчинг хувьсгал мэт өөрчлөх хугацаа хүртэл олон жил өнгөрнө. Блочкейн бол суурь технологи бөгөөд энэхүү суурийг ашиглаж хүмүүс янз бүрийн шийдлүүдийг бүтээнэ. Эдгээр шийдлүүд нь одоогийн байгаа тогтолцоог гэнэт биш, олон жилийн турш бага багаар өөрчилж сайжруулах учиртай юм.

Технологи хэрхэн хүлээнэ зөвшөөрөгдөж тархдаг вэ?

Блокчейн технологи өргөн хэрэглээ болж, амлаж буй хэмжээндээ дэлхийг өөрчилтөл хэр их хугацаа өнгрөх вэ гэдгийг таамаглахын тулд эхлээд бид блокчейнтэй төстэй өөр нэгэн дэлхийг өөрчилсөн технологийн тархацыг жишээ болгож авч үзье. Тэр бол TCP/IP протокол бөгөөд энэхүү технологи нь өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон интернетийн суурь юм. Анх 1972 онд бий болсон энэхүү технологийн бүрэн потенциалыг байгуулагууд дөнгөж 1990 оноос гэнэт ухаарч ашиглаж эхэлсэн гэж хэлэхэд буруутахгүй.

Олон тооны компаниуд энэ технологи ирээдүй гэдгийг ойлгож, энэ технологийн суурь дэд бүтцэд хөрөнгө оруулалж хийж дэлхийн тив болгоныг хооронд нь холбосон шилэн кабелийн сүлжээг бий болгосон. Дэд бүтэц нь бие болсны дараагаар дараагийн шатны компаниуд хэрхэн тэр дэд бүтцийг ашиглаж болох тал дээр илүү анхаарч анхны онлайн компаниуд байгуулагдаж эхэлж байв. Эцсийн дүндээ TCP/IP технологи нь технологийн тархацын 4 үе шат болох нэг хэрэглээт, бичил орчинд, орчлогч шийдэл болох, өөрчлөлтийг авчрах гэсэн үеүүдийг давахын тулд нийтдээ 30 жил болжээ.

Блокчейн технлоги болон ТCP/IP технологийн эхний жилүүдийг хооронд нь харьцуулахад хоорондоо их адилхан байгаа юм. Иймээс блокчейн технологи нь интернэт гэдэг технологитой адил хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг болтлоо олон 10 жил өнгөрөх дүр зураг ажиглагдаж байна. Тэгвэл блокчейн технлоги технлогийн тархацын 4 үе шатыг хэрхэн туулах талаар бидний таамаглалыг хүлээнэ авна уу.

Нэг хэрэглээт

Хамгийн анхны шат бол маш энгийн бөгөөд хялбар хэрэглээн дээр тулгуурласан хөгжүүлэлтийн шийдлүүд байдаг. TCP/IP технологийн хувьд энэ нь E-mail байсан бөгөөд энэхүү технологи нь утсаар дуудлага хийх, факс явуулах зэрэг мэдээлэл дамжуулах зорилготой нэг төрлийн хэрэглээг илүү хямдаар шийдэж өгсөн. Блокчейн технологийн хувьд эхний шатны энэхүү хэрэглээ нь Биткойн юм. Нэг хүнээс нөгөө хүнд үнэ цэнийг маш хялбар, хямд, найдвартай шилжүүлэх аргачлал.

Бичил орчинд

Дараагийн шат нь шинэлэг бөгөөд амжилттайгаар үнэ цэнэ бий болгохын тулд цөөхөн тооны хүн хэрэглэхэд л шаардлагатай хөгжүүлэлтийн шийдлүүд. Хэрэв блокчейн технологи TCP/IP технологийн хөгжилтэй адилхан үргэлжилнэ гэвэл энэхүү шат дээр хэдхэн байгууллага хоорондоо холбогдож ажиллахад зориулагдсан хаалттай дотоод сүлжээнүүд бий болно. Одоогоор байгууллагуудын хэмжээнд хийгдэж буй блокчейн хөгжүүлэлт нь энэхүү таамаглалтай нийцэж байна. Ихэвчлэн санхүүгийн байгууллагууд эхний ээлжинд хоорондоо шилжүүлэг болон бүртгэл хийх зориулалттай блокчейн шийдлүүдийг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Орлогч шийдэл болох

3-дах шат нь шинэлэг боловч олон хүн нэгэн зэрэг хэрэглэхэд зориулагдсан шийдлүүд бий болох юм. Энэ шатанд шийдлүүд амжилттай хэрэгжинэ гэдэг нь маш хэцүү. Нэг ёсондоо хэсэг бүлэг байгууллагууд дотооддоо амжилттай хэрэгжүүлж чадсан 2-р шатны шийдлүүдээ мааст зориулсан шийдэл болгож сайжруулж гаргах юм. Блокчейн технологийн шийдлүүдийн хувьд крипто валютыг 3-р шатны шийдэл гэж ойлгож болно. Олон хүмүүс бүгд тус крипто валютыг өөрсдийн хувийн хэмжээнд мөнгөтэй ижил үнэ цэнэтэй гэдгийг хүлээнэ зөвшөөрч, өдөр тутмын хэрэглээ болгож чадсанаар криптовалют нь мөнгийг орлож чадах шийдэл болох юм. Энэ цаг мөч хүртэл зөндөө олон жил өнгөрнө.

Өөрчлөлтийг авчрах

Хамгийн эцсийн шат нь тус технологи бидний одоогийн нийгэм, эдийн засаг, амьдралыг тэр чигт нь өөрчлөх хүчтэй шийдэл болох юм. Өнөөдөр бид өдөр бүр хэдэн цагийг интернет ашиглаж өнгөрөөдөг билээ. Интернетийн технологи нь орчин үеийн нийгмийн салшгүй нэг хэсэг бөгөөд нийгмийн цаашдын хөгжлийг тодорхойлж буй хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг. Өндөр хөгжилтэй хэд хэдэн оронд агаар, ус, аюулгүй байдал гэдэгтэй адил хүнд байх халдашгүй дархан эрх гэж хүлээнэ зөвшөөрөгдсөн. Блокчейн технологи хэзээ нэгэн өдөр мөн энэхүү шат дээр ирэх бөгөөд энэ үед блокчейн технологи нь улсын засаглал, сонгууль, мөнгөний бодлого, хууль гэх мэт одоо байгаа системүүдийг үсрэнгүйгээр сайжруулж өөрчилж эхэлнэ. Авилгал, хээл хахууль, инфляц, сонгуулийн луйвар зэрэг түгээмэл ажиглагддаг системийн алдаануудыг магадгүй устгаж алга болгож магадгүй юм.

TCP/IP технологи нь өөрөө блокчейн технологийн суурь бөгөөд мэдээллийн технологийн цаг үе эхэлснээс хойш технологийн хөгжил урьд өмнө байгаагүйгээр үсрэнгүй ахиж байгаа билээ. Тиймээс магадгүй блокчейн технологи TCP/IP технологи шиг 30 жил биш, 20 жилийн дотор багтаад хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж ч магадгүй юм.

Нэг сэтгэгдэл

  1. Хүссэн хүсээгүй энэ шийдэл руу орно байх. Гоё нийтлэл байна.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.