RTX4Y2AQ

Венесуэл улсын крипто яг крипто мөн үү?

Венесуэл улс нь эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд орсон байгаа улс орнуудын нэг билээ. Олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч эдийн засаг нь дампуурч, гадаад валютын хомсдолд орч, мөнгөн тэмдэгт нь өндөр хэмжээний инфляцад автсан. Үүнээс болж иргэд нь гадаад улсаас худалдан авдаг эм тарианаас эхлээд олон чухал эд барааны дутагдалд орсон.

Энэ үеэр олон иргэд өөрсдийн эд хөрөнгийг инфляцын эсрэг хамгаалахын тулд криптовалют худалдан авч байсан бөгөөд Венесуэл улсад биткойн дэлхийн зах зээлийн ханшнаас хамаагүй өндрөөр зарагдаж байв.

Бутарч унаж буй улс орноо хэрхэн эрх мэдлээ алдахгүйгээр захирах вэ хэмээн бодолд орсон тус улсын ерөнхийлөгч Мадуро эх оронд нь крипто газар авч байгааг анзаарсан бөгөөд, түүнээс санаа сэдэж Венесуэл улсын өөрийн криптовалютыг гаргахаар болсон юм. Энэхүү шинэ криптод тус улсын нефть үнэ цэнэ өгөх юм гэнэ.

Тэгвэл энэхүү крипто нь тус улсын ерөнхийлөгчийн хэлж буйгаар олон нийтэд ашиглаж эхлэхэд бэлэн болсон бөгөөд одоогоор урьдчилсан байдлаар $5 тэрбум долларын хэмжээнд зарагдаад байгаа гэнэ. Мөн 127 орноос 186’000 худалдан авах хүсэлт одоогоор байгаа бөгөөд хэрэв энэхүү криптогоо гаргах юм бол Венесуэл улс нь дэлхийн хамгийн анхны крипто зоостой орон болох юм.

Гэвч энэхүү крипто Биткойнтой адилаар крипто гэж тооцож болох зоос мөн үү? Магадгүй суурь технологи нь адилхан байж болно. Гэвч Биткойн шиг эзэнгүй, төвлөрсөн бус, мөн гүйлгээнүүд нь найдвартай баталгааждаг байж чадах уу? Одоогоор үйл ажиллагаа нь хэрхэн ажиллах талаар мэдээлэл маш муу байгаа бөгөөд ердөө ард нь нефт байгаа гэдэг ганц онцлог давуу тал дурдагдаж байна.

Мөн энэхүү зоосны эцсийн зорилго нь Венесуэл улсын засгийн газар барууны орнуудын тавьсан санхүүгийн хоригуудыг тойрох зорилготой билээ. Хэрэв энэхүү үйлдэл нь амжилттай болвол эдийн засгийн хориг тавиулсан хэд хэдэн улсууд дуурайх магадлалтай гэж шинжээчид болгоомжилж байна.

Венесуэл улс нь барууны орнуудын хориг болон дотоодын авилгал, хээл хахууль, ялзарсан засаглалаасаа болж дампуурсан. Эцэст нь ард иргэд нь эм тариа ч байхгүй хоцорч хамаг зовлонг нь үүрлээ. Тэгвэл энэ зоос энэхүү орны асуудлыг шийдэх бус, эрх баригч нарт цаашид улам их мөнгө улсаасаа хулгайлах бололцоо олгож, барууны орнуудын эдийн засгийн хориг нэмж үргэлжлэх шалтгаан болохоор байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.