Roman-Coins-e1496341683654

Мөнгө хэрхэн ажилладаг вэ?

1-р хэсгийг уншихыг хүсвэл ЭНД ДАР.

Хясаа болон долларын үнэ цэнэ зөвхөн бидний төсөөлөн бодох чадварт л оршдог. Тэдгээрийн үнэ цэнэ нь тэдгээрийг бүтээх химийн элементэд байхгүй бөгөөд Хясаа эсвэл Долларын өнгө, хэлбэр болон дүрстэй огт хамаагүй. Өөрөөр хэлбэл мөнгө бол материаллаг бодит байдал бус хүний сэтгэл зүйд л орших бүтээл юм. Биет юмыг хүний ухаан руу хөрвүүлж ажилладаг. Гэхдээ яагаад энэ нь тийм амжилттай байдаг юм бэ? Яагаад хүн өөрийн шим тэжээлтэй будааны тариалангийн талбайг хэдэн ширхэг хэрэггүй хясаагаар сольдог юм бэ? Яах гэж хүн хэдхэн ширхэг будагтай цаас авахын тулд бургер хийж, эрүүл мэндийн даатгал зарж, хүмүүжилгүй хүүхдүүдийг асарч өөрийгөө зовоодог юм бол?

Олон хүмүүсийн төсөөлөн бодох чадвараар бүтсэн тэрхүү бүтээлд итгэснээр дээрх үйлдлүүдлийг хийдэг. Бүх төрлийн мөнгийг бий болгоход хэрэгтэй хамгийн суурь зүйл бол итгэл. Баян тариачин маань өөрийн тариалангийн талбай болон байшинг хэдэн ширхэг Хясаагаар сольж алс хол нүүж явахдаа очсон газраасаа өнөөх хясаагаараа тариалангийн талбай, байшин худалдаж авч чадна гэдэгт итгэсэн. Мөнгө бол хүмүүс хоорондын итгэлийн систем бөгөөд зүгээр ч нэг итгэлийн систем бус, хүний зохиосон хамгийн түгээмэл тархацтай, үр дүнтэй итгэлийн систем юм.

Энэхүү итгэлийг бий болгохын тулд маш нарийн, урт хугацааны улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс үйлчилсэн. Яагаад би хясаа эсвэл алтан зоос эсвэл долларын дэвсгэртэд итгэдэг вэ? Яагаад гэвэл миний хөрш мөн итгэдэг учраас. Түүнчлэн би итгэдэг учраас манай хөршүүд итгэдэг. Манай хаан итгэж, татвараа энэхүү хэлбэрээр шаарддаг учраас бид бүгд итгэдэг. Манай лам итгэж, буяны төлбөрийг уг хэлбэрээр шаарддаг учраас бид бүгд итгэдэг. Долларын дэвсгэртийг барьж үзээд сайн ажиглая. Ерөөсөө нэг жирийн өнгөлөг цаас байх бөгөөд нэг талд нь АНУ-ын Сангийн сайдын гарын үсэг, нөгөө талд нь “Бид бурханд итгэдэг” хэмээх бичиг байна. Бид бурханд итгэдэг, мөн АНУ-ын Сангийн сайдад итгэдэг учраас доллараар төлсөн төлбөрийг зөвшөөрч авдаг. Итгэл дээр тогтсон систем учраас манай санхүүгийн системүүд бидний улс төрийн, нийгмийн, үзэл суртлын системүүдтэй шууд уялдаатай байдгаас гадна улс төрийн хүчин зүйлсээс шалтгаалж эдийн засгийн хямрал үүсч болдог, мөн хөрөнгийн биржийн үнэ тухайн өдрийн өглөө арилжаачдын сэтгэл санаа ямар байснаас хамаарч дээш доош савалдаг.

Мөнгөний хамгийн анхны хувилбарууд дөнгөж бий болж эхлэх үед хүмүүст ийм төрлийн итгэл байгаагүй. Тиймээс мөнгийг ганц мөнгөнөөс гадна өөр юманд ашиглах боломжтой зүйлсээр тодорхойлох шаардлагатай болсон. Түүхэн дэх хамгийн анхны мөнгө нь Sumer-ын арвайн тариа байв. МЭӨ 3000 жилийн өмнө Sumer-д анхны бичиг үсэгтэй хамт бий болсон. Илүү нарийн болж хөгжиж буй удирдлагын тогтолцоог хадгалахын тулд бичиг үсэг бий болсны адилаар, илүү нарийн болж хөгжиж буй эдийн засгийг дэмжих үүднээс мөнгө бий болов.

Арвайн тариан мөнгө нь ердөөсөө арвайн тариа л байсан, бүх юмны үнэ цэнийг тодорхой заасан хэмжээний арвайн тариагаар үнэлж байв. Хамгийн түгээмэл хэмжүүр нь Sila байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 1 литр-тэй тэнцүү. 1 Sila-г яг тааруулж хутгаж авах зориулалттай стандарт хэмжээтэй хутгуурууд их хэмжээгээр үйлдвэрлэгдэж, энэ нь хүмүүс юм худалдаалахдаа шаардлагатай хэмжээний арвайн тариаг хутгаж авах ажлыг илүү хялбар болгож өгсөн. Цалин ч гэсэн арвайн тариагаар тогтоогдож, арвайн тариагаар төлөгддөг байж. Эрэгтэй хар ажилчин сард 60 Sila, эмэгтэй хар ажилчин сард 30 Sila. Барилгын даамал 1’200 – 5’000 Sila. Хамгийн ховдог даамал ч сардаа 5’000 литр арвайн тариа идэж чадахгүй, гэхдээ тэр идэж чадаагүйгээ өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр сольж болно – тос, ямаа, боол, мөн арвайн тариагаас өөр төрлийн идэх юм.

Хэдийгээр тарианд материаллаг хэрэглээ байгаа ч хүмүүст тариаг бусад бараанаас өөр, мөнгө гэж ойлгуулж ашиглуулах нь тийм амар байгаагүй. Яагаад гэдгийг ойлгохын тулд өнөөдөр та дэлгүүр рүү шуудай дүүрэн тариа авч ороод цамц эсвэл пицца худалдаж авах гэж оролдож байна гэж төсөөлье. Худалдагч нар магадгүй цагдаа дуудах байх. Гэсэн ч тариа нь бусад зүйлийг бодвол биологийн шинж чанартай хэрэглээ байсан учраас анхны мөнгө болоход илүү боломжтой байв. Хүмүүс тариаг идэж болно. Гэхдээ тариаг тээвэрлэх, эсвэл хадгалах нь хэцүү. Мөнгөний жинхэнэ дэвшил нь ямар нэгэн бодит хэрэглээ байхгүй, хадгалж тээвэрлэхэд хялбар мөнгийг хүмүүс бүтээхэд гарсан юм. Энэхүү мөнгө нь Mespotamia-д МЭӨ 2500 оны үед бий болсон. Энэ бол мөнгөөр хийсэн shekel.

Мөнгөн shekel нь зоос биш, зүгээр л 8.33 грамм мөнгө байж. Hammurabi-гийн хуулинд заахдаа дээд гаралтай эрэгтэй хүн, боол гаралтай эмэгтэй хүнийг алсан тохиолдолд эзэнд нь 20 shekel төлбөр болгож өгнө гэж заасан байдаг нь нэг ёсондоо 20 ширхэг зоос биш, 166 грамм мөнгө өгнө гэсэн үг юм.

Арвайн тариан Sila-тай харьцуулахад мөнгөн shekel-д суурь үнэ цэнэ байхгүй. Мөнгийг идэж болохгүй, ууж болохгүй, мөнгөөр хувцас хийж болохгүй, багаж эсвэл зэвсэг хийхэд хэтэрхий зөөлөн. Мөнгө болон алтыг ганц хэрэглэдэг бодит хэрэглээ нь өөрсдийн нийгэмд эзлэх байр суурийг бусдад илтгэх үүднээс гоёл, чимэглэл, эсвэл хөшөө зэрэг зүйлийг хийхэд оршино. Нэг ёсондоо тухайн нийгмийн соёлоос шууд хамаарна.

Тодорхой стандарт жинтэй үнэт төмрүүд ашиглах нь яваандаа зоосыг бий болгосон. Түүхэн дэх хамгийн анхны зоос нь баруун Anatolia-гийн Lydia гүрэнд Alyattes хааны тушаалаар МЭӨ 640 онд бий болов. Эдгээр зооснууд нь стандарт алт болон мөнгөний жинтэй байсан бөгөөд бүгд тусгай тэмдэглэгээтэй байв. Тэмдэглэгээ нь хоёр зүйлийг илтгэнэ. Нэгд, тус зоосонд хэр их хэмжээний үнэт металл орсон. Хоёрт, тус зоосыг гаргасан, агууламжинд нь баталгаа өгч байгаа байгууллага хэн бэ гэдгийг. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа бараг бүх зооснууд нь анхны Lydia-гаас гарсан зоосноос улбаалан хөгжиж гарсан байдаг.

Зооснууд нь ямар ч тэмдэггүй металл мөнгөтэй харьцуулахад хоёр том давуу талтай. Нэгдүгээрт, тэмдэглэгээгүй мөнгийг арилжаа хийх бүртээ жинлэх шаардлагатай. Хоёрдугаарт, тус зоосыг жинлэсэн ч тэр нь мөн л хангалтгүй. Гуталчин миний төлбөрөө төлөх гээд өгсөн мөнгийг жинлэж үзсэн ч цэвэр мөнгө гэдгийг нь яаж мэдэх вэ? Зүгээр өөр юмыг мөнгөөр бүрсэн ч юм билүү. Зоос эдгээр асуудлыг шийдэж байв. Дээрх тэмдэглэгээ нь зоосны үнэ цэнийг зааж өгснөөр гуталчин зоос болгоныг жинлэх, өөр дээрээ байнга жин байлгах шаардлагагүй болов. Мөн зоосон дээрх тэмдэглэгээ нь улс төрийн том хүчний гарын үсэг бөгөөд тэрхүү биет нь тус зоосны агууламжийг үнэн гэж баталгаажуулж өгч байв.

Тэмдгийн дүрс болон хэмжээ нь түүхэнд янз бүрээр оршиж байсан ч хүргэж байсан агуулга нь ижил байв: “ Би, агуу мундаг хаан хэний хэн, энэхүү дугуй төмрөнд яг 5 грамм алт байгаа гэдгийг баталгаажуулж байна. Энэхүү зоосыг хэн нэгэн дуурайлгаж, хуурамчийг хийх аваас миний гарын үсгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан болох ба миний нэр төрд халдсан хэрэг болно. Би ийм гэмт хэрэгтнийг хамгийн дээд ялаар шийтгэх болно.” Тийм учраас түүхэнд мөнгийг хуурамчаар үйлдэх нь зүгээр луйврын хэргээс илүү ноцтой хэрэг гэж тооцогдож ирсэн. Мөнгийг хуулбарлаж хуурамчаар үйлдэх нь жирийн нэг луйвар биш, хааны эзэнт гүрэн болон хааны эрх мэдэл рүү шууд халдаж байгаа халдлага юм. Хуулийн нэршил нь lese-majesty (хаан руу дайрсан) гэдэг нэршилтэй бөгөөд шийтгэл нь тамлаж байгаад цаазлах ял байсан байна. Хүмүүс хааны эрх мэдэл болон үнэнч байдалд итгэж байсан тохиолдолд хааны зоосонд мөн адил итгэх боломжтой болов. Бие биенээ огт танихгүй хүмүүс Ромын эзэнт гүрний Denarius зоосны үнэ цэнэ дээр асуудалгүй зөвшилцөлд хүрдэг байж, учир нь тэд тус зоосон дээр орших Ромын хааны зураг болон Ромын эзэнт гүрний хүч чадалд итгэдэг байв.

Нөгөө талаасаа эзэнт гүрний эрх мэдэл, хүч чадал нь буцаад denarius хэмээх зоосондоо тулгуурладаг байж. Хэрэв Ромын эзэнт гүрний хаан татвараа тариагаар хурааж, татвараа тариагаар төлдөг байсан бол ямар хэцүү байхыг төсөөлөхийн аргагүй. Syria-д татвараар тариа хурааж, Ромд байрлах хөрөнгийн сан руугаа тээвэрлэж, эргүүлээд Англид байгаа цэргүүддээ цалин болгож өгөхийн тулд Англи руу тээвэрлэх шаардлагатай болно. Үүнтэй ижлээр Ромчууд өөрсдөө алтан зоосонд итгэдэг, гэхдээ бусад удирдлага дор нь орсон гүрнүүдийн иргэд хясаа, зааны соёо, эсвэл даавуун материалд итгэдэг бол мөн л эзэнт гүрнийг захирах маш төвөгтэй болно.

Алтны номлол

Ромын зоосонд итгэх итгэл маш хүчтэй байсан бөгөөд Ромын эзэнт гүрний хилийн гадна амьдрах хүмүүс ч энэхүү зоосыг баяртайгаар авдаг байв. Манай эриний 1-р зууны үед Энэтхэг улстай хамгийн ойрхон орших Ромын цэргүүд хэдэн мянган километрийн цаана байхад Ромын зоосыг Энэтхэгийн захууд дээр түгээмэл хэрэглэдэг байжээ. Энэтхэгчүүдийн Ромын зоосонд итгэх итгэл маш хүчтэй байсан ба Энэтхэг улсын жижиг гүрнүүдийн захирагч нар өөрсдийн зоосоо гаргах үедээ Ромын зоосыг хэлбэр, хэмжээ, тэмдэглээ, бүр Ромын хааны зурагтай нь хамт дуурайлгаж хийдэг байж. Denarius гэдэг зоосны нэр нь зоос гэдэгтэй адил утгатай болж хаа газрын зооснууд ижил нэртэй болжээ. Арабын Калифууд өөрсдийн динаруудыг гаргаж эхлэв. Өнөөдөр ч гэсэн Жордан, Ирак, Серби, Маседони, Тунис гэх мэт хэд хэдэн улсууд өөрсдийн мөнгийг динар гэж нэрлэдэг.

Lydia-ээс гаралтай зоос Газар дундын тэнгис болон Энэтхэгийн далайн орчимд тархаж байх явцад Хятадууд арай өөр хүрэл зоос, алт мөнгөөр хийгдсэн ембүүн дээр үндэслэсэн өөрсдийн гэсэн мөнгөний системээ зохиожээ. Гэхдээ хоёр тусдаа мөнгөний систем нь хоёулаа алт болон мөнгөн дээр тулгуурласан шинжтэй байсан бөгөөд түүнчлэн хоорондоо холбогдож арилжаалагдах болсон байна. Лалын шашинт болон Европын худалдаачид, эзлэн түрэмгийлэгчид энэхүү Lуdia-гаас гаралтай зоос, алтны номлолыг дэлхийн булан бүрт түгээж эхлэв. Орчин цагийн эхлэлд дэлхий тэр чигтээ нэг мөнгөний системд орсон байв. Эхэн үедээ суурь нь алт болон мөнгө байсан бол сүүл хэсэгтээ Английн Паунд, АНУ-ын доллар илүү чухал байр суурь эзэлсэн.

Улс үндэстэн, хил хязгаар, шашин соёлоос үл хамаарах нэг төрлийн мөнгөний систем бий болсон нь эхэндээ Африк-Ази тивийг, яваандаа дэлхийг тэр чигт нь нэг эдийн засгийн болон улс төрийн хүрээлэлд оруулжээ. Хүмүүс өөр өөр хэлээр ярьж, өөр өөр бурхан шүтдэг хэвээр байсан боловч алт болон мөнгөн зоосонд бүгд итгэдэг болсон. Энэхүү нэгдмэл итгэл байгаагүй байсан бол дэлхийг хамарсан худалдааны сүлжээ бий болох боломжгүй. 16-р зуунд Европын conquistadors Америк тивээс олсон алт болон мөнгөөрөө зүүн Азиас торго, шаазан, төрөл бүрийн амтлагчуудыг худалдан авч Европ болон Зүүн  Азийн эдийн засгийн хүрдийг хөдөлгөж байв. Мексик болон Андийн нуруунаас олборлосон ихэнх алт болон мөнгө нь Европчуудын хурууны завсраар урсаж, Хятад торго болон шаазан үйлдвэрлэгч нарын тосон угтах энгэрт нь унаж байжээ. Хэрэв Хятадууд ч гэсэн Cortez болон түүний цэргүүдийн дотор орших тэрхүү зүрхний өвчнөөр мөн адил өвчлөөгүй – алт болон мөнгөөр төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол дэлхийн эдийн засаг яаж өөрчлөгдөх  байсан бол?

Ер нь яагаад Хятадууд, Энэтхэгчүүд, Лалын шашинтнууд, Испаничууд бүгд өөр өөр соёлтой нийгэмд амьдардаг, ихэнх зүйлс дээр хоорондоо зөвшилцөлд хүрч чадахгүй хэрнээ бүгд алтанд итгэдэг байсан юм бол? Яагаад Испаничууд алтанд, лалын шашинтнууд тарианд, Энэтхэгчүүд хясаанд, Хятадууд торгонд итгэдэг байж болоогүй гэж. Эдийн засагчид үүнд хариулж чадна. Хоёр өөр бүс хоорондоо худалдаа хийж эхлэх үед эрэлт, нийлүүлэлтийн хууль нь тээвэрлэж болох бараа материалуудын үнийг тус бүсүүд дээр тэнцвэржүүлж, тогтворжуулж эхэлдэг. Яагаад гэдгийг ойлгохын тулд дотроо хэдүүлээ нэгэн зохиомол жишээг төсөөлж үзье. Газар дундын тэнгис болон Энэтхэг хооронд худалдаа бий болох тэр үед Газар дундын тэнгист алт нь маш үнэ цэнэтэй, нийгмийн байр суурь илэрхийлдэг төмөр, харин Энэтхэгчүүдийн хувьд алт ямар ч үнэ цэнэгүй байсан гэж бодъё. Тэгвэл юу болох вэ?

Энэтхэг болон Газар дундын тэнгис хооронд наймаа хийж байгаа худалдаачид хоромхон хугацаанд энэ хоёр бүсэд алтны үнэ цэнэ өөр байгааг олж харна. Тэд ашиг хийхийн тулд Энэтхэгээс алтыг хямд авч, Газар дундын тэнгист аваачиж өндөр үнэтэйгээр зарж эхэлнэ. Үүнээс болж Энэтхэг улсад алтны эрэлт огцом нэмэгдэж, дагаад үнэ нь өснө. Яг үүнтэй зэрэгцэн Газар дундын тэнгист алтны нийлүүлэлт огцом нэмэгдэж, дагаад үнэ нь унана. Маш богинохон хугацааны дараа Энэтхэг болон Газар дундын тэнгист алтны үнэ яг адилхан болсон байна. Газар дундын тэнгист амьдарч байсан хүмүүс алтанд итгэдэг байсан учраас Энэтхэгчүүд ч гэсэн итгэдэг болно. Энэтхэгчүүд өөрсдөө алтыг юунд ч хэрэглэх сонирхолгүй байсан ч Газар дундын тэнгисийнхэнд зарж болно гэдэг тэрхүү боломж нь алтыг Энэтхэгчүүдийн хувьд үнэ цэнэтэй болгоно.

Үүнтэй адилаар өөр нэг хүн хясаанд, долларт, компьютер дээр орших датанд итгэж байгаа тэрхүү итгэл нь биднийг ч гэсэн тэр зүйлд мөн адил итгэж эхлэхэд хүргэнэ. Тэр хүнийг бид үзэн яддаг байсан ч хамаагүй. Христүүд болон лалын шашинтнууд шашин шүтлэг дээр хоорондоо ойлголцолд хүрч чадахгүй байсан ч мөнгөний систем дээр бол асуудалгүй ойлголцдог. Шашин биднийг ямар нэгэн юманд итгэхийг шаарддаг бол мөнгө биднийг өөр нэг хүн, ямар нэгэн юманд итгэж байгаад итгэхийг шаарддаг.

Хэдэн мянган жилийн турш гүн ухаантнууд, философичид болон далдыг харагчид мөнгө рүү дайрч, мөнгийг муухай бүхний суурь хэмээн гүтгэж ирсэн. Хэдийгээр тийм байхыг үгүйсгэх боломжгүй ч, мөнгө нь мөн нөгөө утгаараа хүн төрөлхтний хамгийн түгээмэл, нээлттэй, чөлөөт бүтээлийн нэг юм. Мөнгө нь хэл, хил, соёл, шашин шүтлэг, нийгмийн үзэл бодлоос илүү нээлттэй. Мөнгө нь ямар ч хоёр соёлын хооронд гүүр болох чадвартай хүн төрөлхтний бүтээсэн хамгийн шилдэг итгэлийн систем юм. Мөнгө хэнийг ч шашин шүтлэг, хүйс, арьсны өнгө, эсвэл сексийн сонирхлоор нь ялгаварлан гадуурхдаггүй. Мөнгөний ачаар бие биенээ танихгүй, бие биендээ итгэдэггүй хүмүүс ч хүртэл маш үр дүнтэйгээр хамтран ажиллах боломжтой болдог.

Мөнгөний үнэ

Мөнгө хоёр үндсэн суурь зарчмаас бүрддэг.

  1. Бүхнийг хамарсан хөрвөх чадвар. Мөнгөөр дамжуулж газрыг үнэнч байдал руу, шударга байдлыг эрүүл мэнд рүү, хүч чадлыг эрдэм мэдлэг рүү хөрвүүлж болно.
  2. Бүхний хамарсан итгэл. Мөнгөн дээр тулгуурлаж ямар ч 2 хүн ямар ч төсөл дээр хамтрах боломжтой.

Энэ зарчмууд дээр үндэслэж хэдэн сая танихгүй хүмүүс маш үр дүнтэйгээр худалдаа наймаа хийж, хамтран ажиллах бололцоотой болсон. Гэхдээ энэ зарчмуудад бас харанхуй, муухай тал гэж бий. Бүх юмыг хөрвүүлэх боломжтой болсноор, итгэл гэдэг нь нэр нүүргүй зоос эсвэл хясаа болсноор ёс уламжлал алдагдаж, хүмүүс хоорондын харилцаа муудаж, аливаа бүхнийг эрэлт нийлүүлэлт зохицуулдаг болно.

Хүний нийгэм болон гэр бүл нь мөнгөөр үнэлэх боломжгүй нэр төр, үнэнч байдал, ёс зүй, хайр зэрэг зүйл дээр суурилж байдаг. Эдгээр зүйлүүд нь зах зээлийн нөлөөллийн гадна орших ёстой бөгөөд мөнгөөр үнэлэгдэж, зарагддаг байж болохгүй. Зах зээл маш өндөр үнэ амлаж байсан ч зарим зүйлийг хийж болохгүй. Аав ээж нь үр хүүхдээ боолчлолд зарж болохгүй, үнэнч христ хүн нүгэл үйлдэж болохгүй, үнэнч түшмэл эзнийхээ эсрэг урваж болохгүй, мөн өвөг дээдсээс уламжилж ирсэн газар нутгийг гадныханд худалдаж болохгүй.

Цоорхой бүрээр урсаж орох ус адил Мөнгө эдгээр хоригуудыг ямагт давж гарахыг хичээж байдаг. Эцэг, эхчүүд нэг хүүхдээ хооллохын тулд нөгөөхийг нь зарахаас өөр аргагүй байдал руу шахагдсан. Үнэнч христүүд хулгай, аллага, хүчин хийж, хулгайлж олсон хөрөнгөөрөө өршөөл худалдаж авдаг болсон. Амбицтай түшмэл өөрийн чадварыг хамгийн их мөнгө төлсөн нэгэнд үйлчилгээ болгон үзүүлж, эргээд өөрийнхөө дагагч нарт мөнгө тарааж, үнэнч зүтгэлийг нь авдаг болсон. Дэлхийн эдийн засаг руу орохын тулд өвөг дээдсийн газар нутгийг дэлхийн нөгөө булангаас ирсэн гадныханд зарах болсон.

Мөнгөнд энэнээс ч илүү харанхуй тал бий. Мөнгө хэдийгээр огт танихгүй хүмүүсийг нэгтгэсэн бүхнийг хамрах итгэл бий болгодог ч энэхүү итгэл нь хүнд, эсвэл хүний нийгэмд бус, мөнгө өөрт нь болон мөнгөний бүтээсэн тэрхүү системд итгэх итгэл юм. Бид танихгүй хүнд итгэдэггүй, бид хажуу хөршдөө ч итгэдэггүй, бид тэдний гарт байх тэрхүү мөнгөнд итгэдэг. Тэд мөнгөгүй болох үед бид тэдэнд итгэхээ больдог. Мөнгө шашин шүтлэг, нийгэм, улс үндэстний босгосон энэхүү далангуудыг нурааж эхлэх үед дэлхий бүхэлдээ нэг том сэтгэлгүй газар болж хувирах аюулд байна.

Тиймээс хүн төрөлхтний эдийн засгийн түүх бол маш хэврэг бүжиг юм. Хүмүүс танихгүй хүмүүстэй хамтарч юм бүтээхийн тулд мөнгийг хэрэглэдэг ч, эргүүлээд хүмүүсийн харьцаа болон хүн чанарыг мөнгө эвдэнэ гэхээс айна. Хүмүүс нэг гараараа өөрсдийг нь нэгтгэхээс сэргийлж байсан тэрхүү далангуудыг нураах ч, нөгөө гараараа өөрсдийн нийгэм, шашин шүтлэг, байгаль орчныг зах зээлийн хүчний боолчлолоос хамгаалахын тулд шинэ далан босгоно.

Ямар ч үед мөнгө ялах бөгөөд хаадууд, лам нар, нийгмийн соёл мөнгөний урсгалыг удаан хорьж тогтоож чадахгүй гэж бодох нь өнөө үед түгээмэл. Гэхдээ энэ  бол гэнэн бодол юм. Харгис хэрцгий дайчид, шашны фанатууд, санаа зовсон иргэд удаа дараалан нарийн тооцоотой худалдаачдыг зогсоож, эдийн засгийг өөрчилж байсан жишээнүүд байдаг. Тиймээс хүн төрөлхтний энэхүү нэгдлийг дан ганц эдийн засгийн процесс гэж харах боломжгүй. Хэдэн мянган салангид орших соёлууд бүгд хоорондоо нэгдэж, өнөөгийн дэлхийг хамарсан нэг том тосгоныг бий болгохын тулд алт болон мөнгө чухал үүрэг гүйцэтгэсэн, гэхдээ бид бас ган төмрийн оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.