bitcoin-price-8000-cme-e1511177347274

Биткойн Улаанбаатaрыг түгжрээгүй болгож чадна

Яг Биткойн өөрөө биш, гэхдээ Биткойны бий болгосон Блокчейн хэмээх технологи. Замын түгжрэл бол Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн. Хэдийгээр өдөртөө хэдэн минутыг түгжрээнд алдах нь гэмгүй мэт санагдах боловч бодит болон ирээдүйн хохирол нь томшгүй их юм. Улаанбаатар хотод 400’000 тээврийн хэрэгсэл байдаг, үүнээс 50% нь өдөрт дунджаар 30 минутыг түгжрээнд өнгөрөөдөг гэж үзье. Тэрхүү алдагдсан цаг хугацааг өнөөгийн дундаж цалингаар бодоход “Замын түгжрэл” нь манай хотод өдөр бүр хамгийн багадаа ₮1’187’500’000 төгрөгийн хохирол учруулж байна. Үүн дээр хүмүүсийн эрүүл мэнд, замын дэд бүтцэд үзүүлж байгаа хохирол, шатахууны зардлыг нэмэгдүүлж гадагшаа урсах валютын хэмжээг ихэсгэж, эдийн засагт үзүүлж байгаа хохирол, тээврийн хэрэгслийн элэгдэл, хүмүүс ажлаа төлөвлөж чадахгүйгээс үүсч буй хохирол гэх мэт шууд бус үр дагавруудыг нь тооцох юм бол дуусахгүй. Тэгвэл энэ асуудлыг Блокчейн технологийн тусламжтайгаар шийдэх боломжтой харагдаж байгаа бөгөөд, шийдвэрлэж чадсан тохиолдолд манай зам ирээдүйн дараа дараагийн шатны технологиудыг хүлээж авахад бэлэн болох юм. Гэхдээ шийдлийг нь ойлгохын тулд эхлээд зам гэж яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зам гэж юу вэ?

Авто зам гэдэг бол манай улсын хамгийн чухал болоод Монгол хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд дахин давтагдах боломжгүй баялаг юм. (Нэг газар нэг зам баригдсан бол тэр газар дахин зам баригдах боломжгүй).

Төрийн хувьд бол толгойны өвчин. Ямар ч орлого авчирдаггүй хэрнэ жил бүр асар их хэмжээний зардал гаргадаг.

Нийгмийн хувьд мөн л баян ядуугийн тэнцвэргүй байдалд шууд нөлөөлөгч. Улсын татварын мөнгөөр боссон энэхүү давтагдашгүй баялгийг манай нийгмийн хамгийн чинээлэг хэсэг нь бусдаасаа хамаагүй ихээр ашигладаг. Баян өрхүүд шатахуунд санаа зоволгүйгээр байнга л машин унана, дийлэнх нь нэгээс олон машинтай, машинууд нь ихэвчлэн дундаж тэрэгнээс хүнд учир замыг илүү хурдан эвдэнэ. Машингүй хүн энэхүү дэд бүтцийг хэрэглэхгүй бөгөөд явган хүний замаар, түгжрээнд зогсох авто машинуудын хажуугаар алхах үед эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог, аваарт өртөж амь насаа алддаг. Энэ бол огт шударга биш. Машингүй, түгжрээнд нөлөөлөөгүй, улсын энэ асар чухал баялгаас огт хүртдэггүй, тэгсэн хэрнэ яагаад хамгийн ихээр хохирох ёстой гэж… Мөн машинтай хүн бүрт зогсоол үнэгүй. Нэг ёсондоо нийтийн эзэмшлийн талбайгаас машиныхаа хэмжээгээр үнэгүй газар авсантай адилхан. Машингүй хүн энэ үнэгүй зогсоол дээр өөрийнхөө авах ёстой талбайг авч байна гээд амбаар бариад эхэлбэл хэн ч зөвшөөрөхгүй. Жил бүр замын татвар, бас машины татвараа төлдөг гэх байх. Тэр төлж байгаа мөнгөн дүн бол инээдэм.

Нөгөөтээгүүр зам гэдэг нь төрд бүх эрх мэдэл нь оршиж байдаг хамгийн төвлөрсөн системүүдийн нэг. Улсын дарга нар улсын машинаар улсын шатахуун ашиглаж хувийн ажлаа амжуулдаг дэд бүтэц. Өргөтгөл, засвар, шинэ зам барих ажил бүр дээр шахаа орж ирэх бөгөөд тэр нь бүр зах зээл болон хувирч өөрийн стандарт тарифтай болсон. Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй дахин давтагдашгүй баялгуудын нэгийг Япон улсын хогийн цэг болгосон.

Түгжрэлийг бууруулна, дугаарын хязгаарлалт хийлээ. Түгжрэлийг бууруулна, шинэ зам барилаа. Түгжрэлийг бууруулна, шинэ дүрэм гаргасан. Түгжрэлийг бууруулна, одоо гүүр барина гэнэ. Уучлаарай, эд бүгд түр зуурын аргацаасан арга гэж хэлье.

Шийдэл

Манай нийгэмд замтай яг адилхан дахин давтагдашгүй баялаг байдаг бөгөөд тэрхүү баялгийг Монголчууд бүгдээрээ байнга шахуу хэрэглэдэг мөртлөө хэзээ ч “түгжрэл” үүсдэггүй. Энэ бол гар утасны сүлжээ юм. 900Mhz, 1800Mhz, 2700Mhz зэрэг үелзлүүд нь нэг компани ашиглаж байгаа бол өөр компани ашиглах боломжгүй болдог, дахин давтагдашгүй баялаг бөгөөд хувийн компани зах зээлийн хуулиар зохицуулж байдаг учраас хэзээ ч түгжрэл үүсдэггүй. (шинэ жилийг эс тооцвол).

Дээрх баялгууд нь адилхан сүлжээ мөн боловч замын тухайд адилтгашгүй нэг шинж чанар байдаг нь, үелзэл гэдэг юмнаас илүү дахин давтагдашгүй чанартай. Тиймээс хувьчлана гэсэн ямар ч боломж байхгүй, хувьчилж авсан хувь хүн, компани нь Монгол улсын бүрэн эрхт хаан болж байгаагаас өөрцгүй болно.

Блокчейн дээр үндэслэж ажилладаг нэгжийн системтэй байвал энэ асуудал шийдэгдэнэ. Машин замыг хэр их хэмжээнд, ямар цагт хэрэглэсэн, ингэхдээ ямар даацын тээврийн хэрэгсэл ашигласан зэргээсээ хамаарч нэгж төлнө. Хүнд оврын машиныг оргил ачааллын үед хотын төвөөр удаан хэрэглэсэн бол их нэгж төлнө. Жижиг тэргийг хотын захаар шөнийн 3 цагийн үед 10 минут жолоодоод тавьсан бол бага нэгж төлнө. Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн машины дугаарыг нэгжээр цэнэглэнэ.

Бүх бүртгэл хөтлөл Блокчейн дээр суурилсан, хэд хэдэн байгууллагуудыг дамнасан Node-уудтай, тархмал бүртгэл дээр хөтлөгдөнө. Хүн бүрийн дугаар дээр нэгжний хэмжээнээс гадна, замын хөдөлгөөний зөрчил зэрэг зүйлс бүгд бүртгэгдэнэ. Зөрчлийг баримттайгаар илрүүлсэн хувийн компани болон иргэдийг тухайн жолоочийг торгосон нэгжнээс нь тодорхой хэмжээг нь урамшуулал болгож өгнө. Зам бүрийн дээр камер байх бөгөөд камерууд нь дүрмийн зөрчил болон зам ашиглаж байгаагийн нэгжийн суутгал хийхэд зориулагдана. Камер бүр орлого болгож татсан нэгжнээсээ тодорхой хувийг авах боломжийг бий болгосноор энэхүү камерийн дэд бүтэц болон санхүүжилтийг төрийн халааснаас биш, хувийн хэвшил гаргана. Мөн замын төлбөр болж орж ирсэн нэгжийг дан ганц машинтай иргэдэд биш, сар бүр бүх иргэдэд тэнцүү хувааж тараана. Энэ бүх ажиллагаа Блокчейн дээр хийгдэж байгаа учраас бүгд тухай бүртээ автоматаар, найдвартайгаар, маргах болон арын хаалгадах боломжгүйгээр хийгдэнэ.

Үр дүн

Улаанбаатар хотын замууд шууд хоосон болохгүй ч таг зогсохоо болино. Таг зогссон үед хүн бүр асар их нэгж төлж эхлэх учраас. Мөн хүмүүс ажлынхаа төлөвлөлтийг хийхдээ замын түгжрээнд зарцуулах нэгжээ тооцдог болж, энэ нь замын ачааллыг өдрийн цагуудаар тэнцүү хуваарилахад нөлөөлнө. Хөршүүд хүнсээ цуглуулахдаа тус тусдаа машинаар биш, хамтдаа нэг машинаар явдаг болно. Машингүй хүмүүс нэгжтэй болсноор өөрсдийн нэгжийг машинтай хүнд борлуулах боломжтой болох бөгөөд ийм байдлаар энэхүү улсын баялгаас мөн хүртэнэ. Улсад орлогын эх үүсвэр нэмэгдэж, зам нь толгойны өвчин биш төсвийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Замыг хамгийн их хэрэглэдэг хүмүүс нь хамгийн их нэгж авах шаардлагатай болж замын хэрэглээ илүү шударга болно, манай нийгмийн тэнцвэртэй байдал сайжирна. Улсын дарга, энгийн иргэн хоёрт хууль тэнцүү үйлчлэх боломжтой болно. Аваар осол, агаарын бохирдол, шатахуун зарцуулалт бүгд багасна. Нийтийн тээвэр болон зогсоолын асуудал мөн л зах зээлийн хуулиараа сайжирна. Бизнесүүд болон хувь хүмүүс хаашаа ямар хугацаанд явах боломжтой вэ гэдгээ тооцоолох чадвартай болсноор эдийн засаг сайжирна. Шатахууныг дэмий зогсоход үрэхээ больж, гадаад валютын урсгал багасна. Замын цагдаа нар гэрлэн дохио байхаа больж, иргэн хүн болж хувирах ба цагдаагийн ажлаа хийх бололцоотой болно. Өөрөөр хэлбэл энэ дахин давтагдашгүй баялгаа хэрхэн хэмнэлттэй хэрэглэх вэ гэж хүн бүр дор бүрнээ боддог болно гэсэн үг.

IOTA шиг зоосыг бид замын хөдөлгөөний нэгж болгон ашигласан тохиолдолд шимтгэл, сүлжээ, найдвартай байдал, тохирох төхөөрөмж зэрэг зүйлд санаа зовох шаардлагагүй. Ийм төрлийн систем нь миний мөрөөдөөд зохиосон шийдэл биш. Энэ бол технологийн хөгжлөөс зайлшгүй бий болж байгаа ирээдүйн тренд. Ийм системийг нэвтрүүлж чадсанаар бид цахилгаан машин, өөрөө өөрийгөө барьдаг машин, онлайн худалдаа, хүргэлт зэрэг хөгжлийн дараагийн үе рүүгээ орох боломжтой. Мөн энэ ганц нэгж нь эрчим хүч авахад, машин зам дээр машин унахад гэх мэт олон юманд хэрэглэгдэх боломжтой байснаар цоо шинэ үйлчилгээ, инновациуд бий болох боломжтой болно.

https://news.bitcoin.com/fight-traffic-jams-blockchain-technology/

https://bitcoinexchangeguide.com/zerotraffic/

http://innovationexcellence.com/blog/2017/05/24/when-the-blockchain-meets-the-road/

http://www.traffictechnologytoday.com/news.php?NewsID=86521

https://auto.economictimes.indiatimes.com/news/auto-technology/toyota-research-institute-explores-blockchain-technology-to-develop-new-mobility-ecosystem/58802271

 

 

8 Сэтгэгдэл

  1. Зам дээр машин нь гарангуут нэгж нь яаж унах вэ? Техникийн шийдэл нь ямар байхав зэрэг асуудлууд бна. Ер нь бол зөв гарц.

  2. Uul ni saihan l sanaa baina. Ene hurdtai yavj baigaa tehnikiin devshiliig ashiglah l heregtei. Ali boloh l hurdan amidrald heregjuuleed ehelmeer sanaa bna.

  3. IOTA-gaar shiideh bolomjtoi geed bsan ni iim uchirtai bsan yum baijee. bayarlalaa

  4. Niiluuleltee nemegduulehgui heregleegee hyazgaarlana gedeg zov shiidel bishi baih. Negjiig ni ih unagaah geed zamiin gerlen dohio utgaggui ajillaj ehleh ch yum biluu. Toriin management baihad muu huvilbar boloh magdlaltai.

    • Зам гэдэг нь өөрөө нэг хүн хэрэглэж байгаа цагт өөр хүн хэрэглэх боломжгүй болдог учраас нийлүүлэлт нэмэгдсэн ч түгжрээ багасана гэдэг баталгаа байхгүй. Тийм ч учраас дэлхийн хамгийн баян орнуудад ч гэсэн түгжрээ байсаар л байна. Цэвэр эдийн засгийн аргаар шударгаар хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөр төлдөг болсон цагт алга болно. Блокчейн дээр бүх юмыг ил тод тавьсан тохиолдол төр, эсвэл хувийн хэвшил менеж хийж байгаа нь хамаагүй болно.

  5. blokchineer iim shiidel gargah nn mash zobee. Ganchan mashin buriin zam ashiglasan cag, hugacaa ,tuulsan zam, jin , hurd g.m-g mashin bur deer aldaagui zohih nariivchlaltai shudragaar yaj burtgeh ve??

    • Хяналтын камерын системийг ашигласнаар хамгийн хялбараар шийдэх боломжтой.

  6. zugeerl benzinii unee nemchihed bolhiin bishuu kk

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.