149020-28102014-1414460463-1298473894-Salxin sens

Биткойн олборлож мөнгө хиймээр байна уу

Сүүлийн үед форумнууд дээр Биткойныг олборлож, хурдан хугацаанд хурдан баяжина гэсэн зорилготой маш их хүмүүс нэмэгдэж байна. Одоогоор санхүүгийн тооцооны хувьд яалтчгүй маш ашигтай гарж байгаа. $3000 -оор 1 жилийн хугацаатай Биткойн олборлолт хийх гэрээ байгаахад жилийн дотор одоогийн үнээр $19’000-ын орлого олох боломж харагдаж байна. Үнэ өссөн үед орлогын хэмжээ улам бүр л нэмэгдэнэ. Төхөөржүүдээ худалдаж аваад өөрөө ажиллуулж олборлолт хийх юм бол бүр их ашигтай. Манай эрчим хүчний тариф хямд, гадаар орнуудтай харьцуулахад хамаагүй ашигтай. Хэрэв та олборлолт хийх гэж байгаа бол доорх зүйлүүдийг тунгаана бодож, алсын хараатай сонголт хийхийг таньд зөвлөж байна.

Эрчим хүч хямдхан гэдэг бол худлаа

Монгол улс одоогоор тийм цахилгаан элбэг орон биш. Жил бүр ойролцоогоор $200 сая доллараар хоёр хөршөөсөө цахилгаан худалдаж авч импортоор оруулж ирдэг. 1квц эрчим хүч ойролцоогоор ₮200 орчим байгаа нь манай төв цахилгаан станц нь төрийн өмчит компани бөгөөд улс төрчдөд цахилгааны үнийг нэмэх ямар ч хоншоор байхгүйгээс болж байгаа. Энэхүү алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа. Хамгийн их цахилгаан хэрэглэдэг баян айлуудынхаа цахилгааны хэрэглээний хагасыг татварын мөнгөөр төлж хөнгөлж өгч байгаа баян айлуудад зориулсан татаас. Монголд мөн Биткойн олборлолт хийж байгаа хүмүүсийг ч гэсэн татвар төлөгчид эрчим хүчний зардлынх нь хагасыг үнэгүй ДААЖ өгч байгаагаас ялгаагүй. Энэ бол удаан үргэлжлэх ирээдүйгүй, олборлолтод зориулагдаж байгаа эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх үед төр зүгээр хараад суухгүй.

Эрчим хүч цэвэрхэн цэвэрхэн биш

Монгол улсад асар их сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа. Гэхдээ ганц хоёрхон салхин цахилгаан станц, 1 ширхэг нарны станцаас өөр сэргээгдэх эх үүсвэр одоогоор алга байгаа. Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл энэ дэлхий дээр хамгийн бохируудын жагсаалтанд ордог. 1 kвц эрчим хүч гаргаж авахын тулд бусад орнуудтай харьцуулахад дунджаас хамаагүй их хэмжээнд C02 ялгаруулдаг гэсэн үг. Манай улс нь Парисын гэрээнд нэгдсэн орнуудын нэг бөгөөд үүнийхээ хүрээнд ирээдүйд бизнесүүдэд CO2 ялгаруулалт дээр нь өртөг тооцож эхлэх байх. Энэ үед Монголд олборлолт хийх нь CO2 ялгаруулалтыг нэмэгдүүлж буй үндэслэлээр маш өндөр өртөгтэй болж хувирна. Энэ нь ч зөв.

Bitmain болон Antminer

Биткойн олборлож байгаа бол та Bitmain компанийн Antminer төхөөрөмж ашиглаж байгаа байх. Энэхүү компанийн төхөөрөмж нийт Биткойн олборлолтын 70%-г хангадаг. Кодонд байсан жижигхэн алдааг ашиглаж олборлодог бөгөөд энэхүү аргачлалаа патентлаж чадсанаар энэ компани ингэж монополь болж чадсан. Монополь гэдэг зүйл нь өөрөө Биткойны суурь “төвлөрсөн бус” гэдэг үзэл бодолтой зөрчилдөж том асуудал. Зөндөө олон олборлогч нар энэхүү төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Биткойны кодыг энэхүү хоцрогдсон аргаас өөрчилж, сайжруулах оролдлогыг гацаадаг. Энэ компани өөрсдийн Монопол байр суурийг үргэлжлүүлэхийн тулд Bitcoin Cash-ыг хүртэл гаргаж ирсэн. Antminer төхөөрөмж нь Биткойн олборлохоос өөр юунд ч хэрэггүй. Биткойн эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадахгүй, үнэ огцом унах тийм нөхцөл байдал үүссэн үед зөндөө олон хүмүүс хамаг мөнгөөрөө шал хэрэггүй төхөөрөмж худалдаж авцан сууж байх эрсдэл ажиглагдаж байна.

GPU болон Эфириум олборлолт

Биткойны энэ эрсдлийг харсан хүмүүс GPU худалдаж авч Эфириум олборлож байгаа нь анзаарагдсан. Энэ бол Биткойн олборлохоос хамаагүй дээр сонголт, ядаж л энэхүү эрчим хүч болон компьютерын тооцоолох чадварыг Ухаалаг Гэрээ ажиллуулахад ашиглаж, Биткойн шиг хоосон чанарыг батлахад бүгдийг нь зарцуулдаггүй. Гэхдээ Эфириумийн сүлжээнд ч гэсэн эрчим хүчний хэрэглээний асуудал чухал байр суурь эзлэх болсон. Тиймээс эрчим хүчний хэрэглээнийхээ энэ асуудлыг шийдэхийн тулд он гараад Эфириум дээр Casper гэдэг update хийгдэх бөгөөд энэ нийт сүлжээг PoW (proof-of-work) олборлолтын арга барилаас PoS (proof-of-stake) олборлолтын арга барилал руу шилжүүлнэ. Энэ үед график карт олборлолтод ямар ч хэрэггүй болно. Найдвартай, тогтмол ажиллагаатай, хүчтэй процессортой сервер компьютер, их хэмжээний ETH-тэй байж олборлолт хийх боломжтой болно. Хэрэггүй болсон GPU-ээрээ өөрөө зоос олборлож болох ч, ихэнх зооснууд нэг бол өрсөлдөөнд арчуулж, эсвэл PoS загвар руу шилжинэ.

Эцсийн бүлэгт олборлох уу үгүй юу гэдэг бол хувь хүний шийдвэр. Манай зүгээс өгч байгаа зөвлөгөө бол нэгэнт эрчим хүч зарцуулж байгаа бол тэр эрчим хүчийг дэлхий нийтэд хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Тиймээс олборлолт хиймээр байгаа бол Эфириум-ыг Casper-ын дараа PoS үед нь олборлосон нь хамгийн зөв. Таны процессорыг хоосон бодолтонд биш, дэлхийн компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглана. Мөн олборлолт хийж байгаа бол эрчим хүчний сүлжээг ачаалж, валютын гадаад урсгалыг нэмэгдүүлж, байгаль орчноо хордуулж, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас аваад сууж байж болохгүй. Олборлолтын төхөөрөмжүүдээ сүлжээнд цахилгааны сүлжээнд холбогдоогүй, 100% сэргээгдэх эх үүсвэрээр ажилууллах хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд таны ирээдүйд криптовалют олборлохоос хамаагүй том боломжууд нээгдэнэ.

 

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.