maxresdefault

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо Танаа

Одоогоор Монгол улс болон дэлхий даяар маш хурдацтай тархаж, хөгжиж байгаа Блокчейн (BC) технологи дээр суурилж бүтээгдсэн Криптовалют (КВ) -уудуудыг зохицуулах ямар нэгэн хууль тогтоомж гараагүй байгаа билээ. Хэдийгээр хууль тогтоомж байхгүй ч аль хэдийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд нээгдэж, Facebook-ийн группууд дээр ч иргэд хоорондоо арилжаа хийх үйл явц маш хурдацтай хөгжиж эхэллээ. Мөн хүмүүсийн энэ талын мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулж луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн тоо ч огцом нэмэгдэж байна. Саяхныг хүртэл маш олон Монголчуудыг луйвардсан G-Time сүлжээний бизнестэй ижил төстэй Ponzi бүтэцтэй Bitconnect, Onecoin зэрэг луйврын КВ-уудыг хүмүүс сурталчилж зарж эхлэх боллоо.

Блокчейн технологи, түүн дээр суурилсан КВ -ууд нь “ИНТЕРНЭТ” гэдэг технологийн адил дэлхийн хөгжлийг өөр түвшинд хүргэх технологиуд бөгөөд Монгол улс энэхүү дөнгөж эхэлж буй технологи дээр зөв бодлого гаргаж чадвал дан ганц эдийн засгийн хувьд ашигтай байхаас гадна олон салбарт хурдацтай хөгжлийг авчирч, Монгол компаниуд жинхэнэ утгаараа дэлхийн зах зээлд өрсөлдөх бололцоог бий болгох боломжтой юм.

Боломжууд болон баримтлах бодлого.

1. Биткойн болон бусад КВ-уудын олборлолт

Олборлолт хийхийн тулд олон компьютерийг тогтмол асаалттай байлгах шаардлагатай болдог. Хөргөлт болон эрчим хүчний зардал хамгийн чухал. Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй, мөн цаг агаарын хувьд хүйтэн, сэрүүн уур амьсгалтай нь бусад орнуудтай харьцуулахад олборлолт хийхэд тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм.

Яг одоогоор Хятад улсын Засгийн Газар Биткойн болон КВ-уудыг хориглох гэж удаа дараалан оролдсоны үр дүнд Хятад улсад байгаа олборлогч нар ойрхон, илүү эелдэг хуультай, боломжийн нөхцөлтэй орнууд руу үйл ажиллагаагаа нүүлгэх сонирхолтой болсон. Биткойн сүлжээний нийт олборлолтын 70% нь одоогийн байдлаар Хятад улсад хийгдэж байна.

Зөв бодлого гаргаж, зөв бизнесийн орчин бүрдүүлж эдгээр олборлогч нараас бид ердөө 20%-г нь Монгол улс руу татаж оруулж ирж чадсанаар дээрх олборлогч нарын Монгол улсын газар нутагт бий болгох Export-ын бүтээгдэхүүний хэмжээ Монгол улсад байгаа ямар ч уурхайгаас илүү байх болно. Ийм тохиолдолд Монгол улсад дараах боломжууд нээгдэх юм.

  • Монгол Улсын газар нутаг болон хуулийн орчинд шууд гадаад валют бий болно (Экспортын орлогоос ялгаагүй). Биткойн нь алттай адил үнэ цэнэ хадгалах хөрөнгө оруулалт гэж нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн. Алт олборлогч нар алтаа Монгол банкинд тушааж хадгалуулдаг. Мөн төгрөгийн дэлхийн зах зээл дээрх үнэ цэнийг Монгол улсын алт болон гадаад валютын хэмжээ тодорхойлдог. Биткойн бол ирээдүйд алтнаас ч илүү болж хөгжих төлөвтэй байна.
  • Мэдээллийн технологийн салбар хөгжинө. Хэрэв Монгол улсад Биткойн олборлож чадаж байвал Монгол улс Data Server, Data Storage төрлийн бизнес хийх бүрэн боломжтой гэдгээ ч батлан харуулна.
  • Сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжих боломж бүрдэнэ. Олборлолт хийхийн тулд их хэмжээний цахилгаан шаардагдана. Монгол улс нарны эрчим хүчээр баялаг боловч нарны эх үүсвэрүүдийг одоогоор цахилгаан дамжуулах сүлжээнд холбох боломжгүй байгаа. Биткойн олборлогч нар цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдохгүйгээр нарны эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Түүнийг дагаад энэ салбар бүхэлдээ хурдацтай хөгжих боломж үүснэ. Зөвхөн Биткойн сүлжээний олборлолтын ашиглах эрчим хүчний хэрэгцээ 2020 он гэхэд Дани улсын хэрэглээг давах төлөвтэй байна. Бусад КВ -уудын олборлолтонд ч мөн адил эрчим хүчний хэрэглээ шаардлагатай болно. Энэхүү олборлолтыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэж чадсан орон ирээдүйд тэргүүлнэ.
  • Байгаль орчинд ээлтэй. Баялаг бүтээж алттай адил гадагшаа экспортонд шууд гаргах боломжтой бүтээгдэхүүнтэй болж байгаа ч газар ухах, байгаль орчин сүйтгэх шаардлага гарахгүй. Тээвэрлэлт хийхийн тулд ердөө интернэт байхад л хангалттай.

Бодлого: Олборлогч нарыг дэмжсэн, хамгаалсан хууль гаргаж хэрэгжүүлж чадсанаар энэ төрлийн үйл ажиллагаа Монголд дэлгэрэх бүрэн боломжтой.

  1. Хуулийн эргэлзээгүй, тогтвортой байдал.
  2. Олборлогч нар хуулийн хүрээнд өөрсдийн олборлосон Биткойн-ыг арилжаалах боломжтой байх.
  3. Энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт эдлэх.
  4. Сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ашиглаж байгаа тохиолдолд татвараас бүрэн чөлөөлөгдөх.
  5. Хөдөө орон нутагт олборлолт хийж байгаа бол татвараас бүрэн чөлөөлөгдөх.
  6. Үйл ажиллагаа явуулах газрыг тодорхой хугацаанд үнэгүй олгох.
  7. Шаардлагатай интернэт болон дэд бүтцийн асуудлыг шийдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх.
  8. Олборлолтынхоо үйл ажиллагааг өөр орноос нүүлгэн шилжүүлж ирэх сонирхолтой байгаа тэр үйл явцад нь туслах. (Тоног төхөөрөмжийн импорт дээр гаалийн татвараас хөнгөлөх г.м)

2. Банкны салбар

Блокчейн технологи болон КВ-ууд хамгийн хүнд цохилт үзүүлэх салбар бол банкны салбар юм. Энэ технологийн суурь нь тодорхой хэмжээнд орчин үеийн банкны систем, мөнгөний тогтолцоог эсэргүүцэх эсэргүүцэл дээр үндэслэн тавигдсан билээ. Банкууд энэхүү технологийг эсэргүүцэхийн оронд харин ч идэвхитэйгээр хүлээн зөвшөөрч, аль болох эртнээс өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр ирээдүйд олон төрлийн шинэ боломжуудыг өөрсдийн салбарт бий болгоно. Хэрэв хуулийн хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк болон санхүүгийн байгууллагууд КВ чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, дэмжиж өгсөн тохиолдолд доорх боломжууд нээгдэх боломжтой.

  • Монгол улс КВ -ийн хувьд Азийн Швецарь болох. Одоогоор дэлхийн нийт Биткойн эзэмшигчдийн дийлэнх нь Хятад иргэд байгаа бөгөөд тэд өөрсдийн КВ -г Хятад улсын хяналтаас гадуур гаргах сонирхолтой байгаа билээ. Бид зөв бодлого гаргаснаар тэр хүмүүсийн КВ -г Монгол улсад хадгалах бүрэн боломжтой.
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд жил бүр нилээдгүй хэмжээний мөнгийг Монгол улс руу буцааж илгээдэг. Энэхүү хүмүүсийн илгээмжийн ачаар Монгол улсын гадаад валютын нөөцийн тодорхой хувь бүрдэж байгаа. Гэвч энэхүү илгээмж нь арилжааны банкуудын өндөр шимтгэл болон хоцрогдсон системээр дамжин Монголд ирж байна. Нэг ёсондоо манай иргэдийн хөдөлмөрөөс гадаадын арилжааны банкууд ердөө дамжуулж өгснийхөө төлөө татаас авч байгаа. Бид энэхүү төрлийн шилжүүлгийг КВ -аар хийхийг дэмжиж өгснөөр Монгол улсад төвлөрөх КВ -ын хэмжээ улам бүр нэмэгдэхээс гадна гадаад арилжааны банкуудад шаардлагагүй төлж байгаа шимтгэлийн төлбөр багасах юм.
  • Монгол улс нь төгрөгийн огцом уналтаас сэргийлж гадаад валют, гадаад валютын своп, мөн алт зэрэг үнэ цэнэ хадгалах материалуудаас аль болох их хэмжээг өөр дээрээ байлгах сонирхолтой байдаг. Сүүлийн 10 жилийн турш Биткойны өсөлт, болон ирээдүйн таамгийг харахад Доллар, Юань, алт хадгалахаас үр өгөөжийн хувьд илүү байна. Аль болох олон Биткойн болон бусад ирээдүйтэй КВ -ыг хадгалснаар Монгол төгрөгийн үнэ цэнэ нэмэгдэх боломжтой гэдэг нь харагдаж байна.
  • КВ бирж нээх. Хөрөнгийн бирж гэдэгтэй адил улсаас бүрэн хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлэх юм бол Монгол улсад Азийн хамгийн том КВ -уудын биржүүдийн нэг бий болох бүрэн боломжтой.

Бодлого: Энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллагуудыг дэмжсэн, хамгаалсан хууль гаргах.

  1. Европын зарим орнууд шиг КВ -ээр хийгдсэн гүйлгээг НӨАТ-өөс чөлөөлөх.
  2. КВ -нд хийсэн хөрөнгө оруулалтаасаа ашиг хийсэн тохиолдолд ашгийн татвараас чөлөөлөх.
  3. Зарим КВ-г Монгол улсад арилжаа хийх боломжтой мөнгө гэж бүрэн хүлээн зөвшөөрөх. (Япон улс шиг)
  4. Арилжааны банкуудыг КВ ашиглаж эхлэхийг уриалах.
  5. Гадаад улсад байгаа Монголчуудыг Монгол руу мөнгө илгээхдээ КВ хэлбэрээр илгээхийг уриалах.

3. Мэдээллийн технологийн салбар

Блокчейн технологийг улсаас дэмжиж, иргэд болон бизнесүүд өөрсдийн өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болгосноор Монгол улсад мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжих боломж бий болно. Блокчейн гэдэг бол интернэт гэдэгтэй адил технологи. Интернэт дээр Google, Facebook, Twitter гэж компаниуд байдгийн адилаар Блокчейн дээр ч гэсэн мөн шинэ төрлийн үйлчилгээ, санаанууд хэрэгжүүлэх боломжтой. Монгол улс интернэт технологийн хөгжлөөс хоцорч, өнөөдөр хүртэл онлайн худалдаа хөгжөөгүй хэдхэн улс орны нэг байгаа билээ. Энэ удаад бид хоцорч болохгүй.

  • Засаглал сайжирна. Блокчейн технологийг төрийн үйл ажиллагаа болон бүртгэлтэй холбоотой маш олон төрлийн зүйлд ашиглах боломжтой бөгөөд ингэснээр Монгол улсын засаглал сайжирна. Учир нь Блокчейн гэдэг бол төвлөрсөн бус, хуурах боломжгүй бүртгэлийн систем юм. Жишээ: Газрын бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гаалийн бүртгэл гэх мэт ард иргэдийн тэвчээрийг барж, авилгал хээл хахуульдаа баригдсан эдгээр газруудад зөв хэрэгжүүлж чадвал систем нь нээлттэй байхаас гадна шударга болно.
  • Блокчейн технологи дээр Монголчууд гадаадуудтай өрсөлдөх бүрэн боломжтой. Цоо шинэ салбар учраас нэг программист нь нөгөөгөөсөө илүү болсон зүйл одоогоор байхгүй байгаа билээ. Энэ чиглэлээр бид хичээвэл дэлхийд танигдсан мэдээллийн технологийн компани, эсвэл үйлчилгээтэй болох бүрэн боломжтой.
  • Цаашдаа бид өөрсдийн Монгол зоосыг гаргах боломжтой.

Бодлого: Блокчейн технологи дээр хөгжүүлэлт хийж байгаа, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг дэмжсэн хууль болон бизнесийн орчин бүрдүүлэх.

  1. Их сургуулиудыг Блокчейн хөгжүүлэлтийн мэргэжилтэн бэлтгэж эхлэх ажилд уриалах.
  2. Блокчейн хөгжүүлэлт хийдэг компаниудыг тодорхой хугацаанд татвараас бүрэн чөлөөлөх.
  3. Өөрсдийн үйл ажиллагаанд Блокчейн нэвтрүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад санхүү болон мэдлэг туршлагаар дэмжлэг үзүүлэх.

Энэ технологийг ойлгохгүй байна, таалагдахгүй байна, айж байна, хоригломоор байна.

Монгол улсын хувьд энэ бол авч болох хамгийн буруу шийдвэр, явцуу байр суурь билээ. Манай төрийн байгууллагууд, мөн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийн дийлэнх нь настай хүмүүс байгаа бөгөөд өвөө, эмээ нарт гар утас ашиглахыг зааж өгөх хэр хэцүү байдаг, түүнтэй адил эдгээр шийдвэр гаргах эрх мэдэлтэй эрхмүүдэд Блокчейн ойлгуулах нь мөн адил хэцүү байх болов уу. Хүн ойлгохгүй, мэдэхгүй байгаа зүйлээсээ айх нь хүний бие дотор суурилагдсан биологийн кодчилол юм. Энэхүү айдастаа автаж, энэ технологийг хориглож, хянах гэж оролдсоноор Монгол улсын ирээдүйн хөгжлийн потенциалийг Монгол улсын ирээдүйн эзэд болох залуучуудаас хулгайлж байгаагаас ялгаагүй.

Бид хууль болон бодлогоо гаргахдаа дэлхийн хамгийн зөв засаглалтай улс орнуудын шийдвэрээс сургамж авч, аль болох тэдний явж байгаа чигт хөдлөх нь зүйтэй.

Энэхүү технологийг хориглох гэж нилээдгүй улс орнууд хичээж байгаа. Гэвч “Болохгүй” гэж цаасан дээр бичих амархан, бичсэнийхээ дараа түүнийгээ ажил болгоно гэдэг өөр хэрэг. Энэхүү технологийг Хятад улс хүртэл хорих гээд одоог хүртэл дийлээгүй байгаа гэдгийг сануулмаар байна.

Хуулийн орчныг дуурайж хуулбарлая гэвэл хамгийн эхэнд Япон орны туршлагыг судлахыг санал болгож байна.

Монбит сайтын хөгжүүлэгч Б.Батболд

2 Сэтгэгдэл

  1. зөв

  2. OMG uuriig chin shutlee. ene site-iig say l olj uzsen. shunaltaigaar uxaj unshij bna.
    Ymar cool niitlel ve. Asuudliig xarax untsug. devshuulsen sanal shiidel, nairuulga ugiin songolt bux zuileeree tugs sain boljee. Amjilt xusie!!!

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.