Нэршлүүд болон тайлбар

Address / Хаяг

Биткойны хаяг гэдэг нь мейл хаяг, эсвэл дансны дугаартай төстэй. Өөрийнхөө хаягаар дамжуулж хүмүүсээс Биткойн хэтэвч рүүгээ хүлээж авах боломжтой. Аюулгүй байдлыг хангах үүднээс нэг хаягийг нэг л удаа ашиглаж байвал зүгээр. Хэтэвч гэж юу вэ?

AML

Anti Money Laundering буюу мөнгө угаахаас сэргийлэх журам. Банк болон санхүүгийн байгууллагууд заавал дагаж мөрдөхийг шаарддаг. Олон улсын гүйлгээ болон өндөр хэмжээний гүйлгээнүүд дээр ихэвчлэн шаардагддаг.

Altcoin / Алткойн

Биткойноос өөр, Blockchain технологи дээр суурилж хийгдсэн бусад криптовалютуудыг бүгдийг нь багцалж Altcoin гэж дууддаг байгаа.

BaaS / Blockchain as a service

Блокчейны үйлчилгээ
ITAAS, EAAS гэх мэтээр IT-гийн бүх шийдлийг үйлчилгээ болгож үзүүлдэг тренд одоогоор хүчтэй газар авч байгаа билээ. Байгууллагууд өөрсдийн мэргэжилтэн, баг, хэлтсийг заавал бие болгох шаардлагагүйгээр хамгийн сүүлийн үеийн IT үйлчилгээг компанидаа сар бүр төлбөр төлж авах боломжтой болсон. Тэгвэл энэхүү шийдлийг мөн блокчейн дээр хэрэгжүүлж байгаа хэлбэр.

Blockchain / Блокчейн

Төвлөрсөн байгаа эрх мэдлийг шударгаар, алдаагүйгээр, бүгдэд нээлттэйгээр, хэн нэгнээс хараат бус байдлаар тараах чадвартай технологи.  Цааш унших Блокчэйн

Block / Блок

Гинжин хэлхээн дээр дотроо гүйлгээнүүдийн мэдээллийг хадгалж, баталгаажуулж байдаг бүртгэл. Олборлогч нар дунджаар 10 минут тутамд нэг блокыг гинжин хэлхээнд нэмж байгаа.

Block Height / Блокны өндөр

Гинжин хэлхээнд холбогдсон байгаа блокнуудын тоо. Block 0 бол хэлхээний хамгийн анхны блокыг хэлнэ.

Block Reward / Блокны шагнал

Блокны бодолтыг зөв хийж амжилттай олборлосон олборлогчид шинээр бий болох зоосыг урамшуулал болгож олгодог. Түүнийг блокны шагнал гэнэ.

BIP / Биткойныг сайжруулах санаачлага

Биткойны кодыг сайжруулж, шинэ боломжууд нэмэгдүүлэх зорилготой санаачлагыг BIP гэнэ. BIP-ын зохиогч нь олонхийн дэмжлэг буюу “Consensus” өөрийн талд цуглуулснаар санаачлагыг ажил болгоно.

Confirmation / Баталгаажуулалт

Хийгдсэн гүйлгээ сүлжээ баталгаажуулсан бөгөөд буцаах магадлал тун бага болсныг илэрхийлнэ. Хэдэн блок-оор баталгаажсанаас хамаарч гүйлгээ эцэслэгдсэн эсэхийг сайт, үйлчилгээ бүр өөр өөрсдийнхөө дүгнэлтээ тавьдаг. Ихэнх тохиолдолд 2 баталгаажуулалтыг хангалттай гэж үздэг.

Cold Storage / Төхөөрөмж хэтэвч

Онлайн холбогдоогүй төхөөрөмж дээр зооснуудаа хадгалах. Хэтэвч гэж юу вэ?

Consensus / Олонхийн дэмжлэг

Биткойны сүлжээг сайжруулах санаачлагыг олонхийн дэмжлэгээр хүлээнэ зөвшөөрсөн тохиолдолд сайжруулна. Мөн сүлжээ нь өөрөө гүйлгээ баталгаажуулахдаа “Node” consensus-т хүрэх замаар баталгаажуулдаг.

Day trade

Өдөр бүр арилжаа хийж, үнийн савлагаанаас ашиг хийхийг оролдохыг нэрлэнэ. Одоогийн статистикаар Day Trade хийж буй арилжаачид зүгээр юу ч бодолгүй HODL хийсэн хүмүүстэй харьцуулахад ихэнхдээ алдагдалтай гардаг.

DAO / Decentralized Autonomous Organization

Decentralized Autonomous Organization – Төвлөрсөн бус бие даасан байгууллага
Блокчейнүүд нь зарчмын хувьд төвлөрсөн бус учраас эзэнтэй байх боломжгүй. Тэгвэл эзэнгүй системийн хөгжүүлэлтийг хэрхэн удирдаж хөгжүүлэх вэ? Үүний хариуд зоос бүрийн анх төлөвлөсөн засаглалаас хамаарч янз бүрийн хэлбэртэй төвлөрсөн бус бие даасан байгууллагууд бий болсон (DAO).

Decentralized / Тархмал

Нэг доор төвлөрөөгүй, тархмал. Сүлжээний аль нэг хэсэг ямар нэгэн шалтгаанаар ажиллахаа больсон ч сүлжээний тогтвортой ажиллагаанд нөлөөлөхгүй.

Double Spend / Давхар гүйлгээ хийх

Нэг хүн өөрийн дансанд байгаа зоосыг хоёр өөр хаяг руу нэгэн зэрэг явуулах гэж оролдлого. Сүлжээ нь “Consensus” бий болгох замаар аль нэг гүйлгээг нь л үнэн гэж хүлээж авна.

Difficulty / Бодолт хүндрэх

Блокны бодолтыг хийх математик бодлого олборлогчийн тоо ихсэх тусам улам хэцүү болдог. Дундаж хугацааг 10 минут байлгахын тулд энэ нь дээшээ доошоо хэлбэлзэнэ. Одоогийн Difficulty г харах

Exchange / Бирж

Биткойн болон бусад криптовалютуудыг худалдаалдаг биржийг хэлнэ. Эдгээр сайтууд нь Биткойн борлуулах болон худалдан авах сонирхолтой хүмүүсийн захиалгуудыг хооронд тохируулж өгч, дундаас нь шимтгэл авч ажилладаг.

FOMO – Fear of missing out (Хоцорч үлдэхээс айх айдас)

Биткойнтой холбоотойгоор энэ хэллэг маш их ашиглагддаг. Биткойны үнэ огцом өсч, эргэн тойрны Битойнд хөрөнгө оруулсан хүмүүс маш ихээр мөнгө олж, өөрөө хоцорч үлдэж буй мэт тэр мэдрэмж болон айдсыг хэлнэ. Зөндөө олон ойлголтгүй хүмүүс энэхүү айдсаасаа болж маш буруу хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гаргадаг. Айдас дээр тулгуурласан шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна.

Full Node / Бүтэн Нод

Блокчейн дээрх бүртгэлийг бүтнээр хуулбарлаж, бүртгэлийн үнэн худлыг шалгаж, сүлжээний аюулгүй байдлыг төлөө ажиллаж байгаа компьютеруудыг хэлнэ.

Fork / Салаалах

Сүлжээг сайжруулах санаачлага олонхийн саналыг авч чадаагүй, хөгжүүлэгч нар хоёр хуваагдсан үед суурь кодыг хуулбарлаж, өөр өөрсдийнхөө замаар цааш хөгжүүлж хоорондоо салахыг хэлнэ.

FUD – Fear Uncertainty Doubt (Айдас Эргэлзээ)

Биткойнтой холбоотой форум болон сайтуудаар энэ хэллэг элбэг ашиглагддаг. Янз бүрийн үнэн болон худлаа нь мэдэгдэхгүй мэдээлэл тогтмол цацагдаж байдаг бөгөөд тэр нь хүмүүсийг айдас болон эргэлзээнд автуулдаг. Түүнийг нь FUD гэж нэрлэнэ. FUD-наас болж мөн хүмүүс маш буруу шийдвэр гаргадаг. Айдас дээр тулгуурласан шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна.

Halving / Хагаслах

Биткойны нийт хэмжээ хязгаарлагдмал. Блок бүрээс урамуулал болгож олгогддог Биткойны хэмжээ ойролцоогоор 4 жил тутам хагаслагдаж багасч байдаг.

HODL – Юу ч болж байсан барих

Биткойн худалдаж авсан залуучуудын 70% нь өөрсдийгөө юу ч болж байсан Биткойноо зарахгүй гэж хэлсэн байдаг. Нэг ёсондоо тэдний хувьд Биткойн бол ирээдүйн мөнгө бөгөөд нэгэнт ирээдүйн мөнгө хадгалж байгаа хүмүүс хуучин мөнгө рүү буцах шаардлаггүй гэж үздэг. Үнэ үл тоож Биткойн хадгалах энэ зарчмыг HODL гэж нэрлэнэ.

Hash Rate / Хаш бодолт хийх хурд

Биткойн сүлжээний тооцоолох хүчин чадлыг илэрхийлж буй хэмжээ. 10 TH/s гэдэг нь секундад 10 их-наяд тооцооллыг нэг секунданд хийнэ гэсэн үг. Одоогийн Hashrate харах

ICO

Шинээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд IPO зарлаж хөрөнгө босгодог бол криптовалютын бизнес хийдэг компаниуд ICO (Initial Coin Offering) зарлаж мөнгө босгодог тренд бий болсон бөгөөд сүүлийн үед хөрөнгө оруулагч нар асар их хэмжээний мөнгийг ICO-нуудад оруулж байна. Блокчейн технологи дээр суурилсан маш олон шинэ зооснууд бий болж байгаа бөгөөд зоос бүр өөрийн онцлогтой, өөрийн гэсэн зорилготой, Биткойн-ыг улам бүр сайжруулсан хувилбар болгохын төлөө хичээж байгаа билээ. Компаниуд ICO зарлах замаар хөрөнгө босгож байгаа нь нэг ёсондоо шинээр бий болсон зоосоо бусад хүмүүс Mine хийж олборлох боломжтой болохоос нь өмнө тодорхой хэмжээнд үнэлж борлуулж байна гэсэн үг юм. Маш олон шинэлэг, хүн төрөлхтний хөгжлийг улам хурдасгах санаанууд энэхүү орчинд бий болж байгаа билээ. Мөн асар олон луйврын ICO-нууд байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв та ICO сонирхож байгаа бол судалгаагаа дээд түвшинд хийж, маш болгоомжтой хандах ёстой гэдгийг анхаарна уу.

KYC

Know Your Customer буюу хэрэглэгч нарынхаа талаар тодорхой мэдээллүүдийг бүртгэх санхүүгийн байгууллагуудын журам. Ихэвчлэн банкнуудад үйлчилдэг энэхүү журам, шаардлагыг крипто биржүүд өөр дээрээ хэрэгжүүлж эхлэх болсон. Ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой үйл ажиллагаатай мөнгө илэрсэн тохиолдолд эргүүлээд буух эзэнтэй болгох зорилготой.

Lightning

Биткойны удаан хүлээгдэж буй хамгийн чухал өргөтгөлүүдийн нэг. Гүйлгээний хугацаа, гүйлгээний шимтгэл өндөр байгаа асуудлуудыг шийдэх зорилготой. Биткойны сүлжээний хажууд давхараар холбогдож ажиллах тусдаа сүлжээ. Энэ сүлжээнд хийгдсэн олон зуун гүйлгээнүүд Биткойны сүлжээнүүд сүүлийн байдлаар нэг эцэслэгдэж бичигдэх зарчмаар ажиллана.

Miner / Олборлогч

Биткойн олборлогч нарыг хэлнэ. Эдгээр хүмүүс нь Биткойны сүлжээнд өөрсдийн процессорын хүчин чадлыг оруулж, хариуд нь шинээр бий болох Биткойноос авах боломжтой болно. Судалгаагаар цахилгааны өртөг ₮200 kвцаг-аас доош байгаа тохиолдолд Mine хийх нь ашигтай гэсэн дүгнэлт байдаг. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр их, сэрүүн хүйтэн уур амьсгалтай учир хөргөлтөнд хэмнэлт үүснэ, мөн одоогоор цахилгааны өртөг улсаас маш хямдханаар тогтоосон байгаа нь Mining хийхэд маш тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Гэхдээ…

Mining / Олборлох

Эдгээр хүмүүс нь Биткойны сүлжээнд өөрсдийн процессорын хүчин чадлыг оруулж, хариуд нь шинээр бий болох Биткойноос авах боломжтой болно.

Mining Pool / Майнинг Пүүл

Биткойны сүлжээ нь зөвхөн блокийн бодолтыг зөв хийсэн Miner-т Биткойн олгодог учраас төхөөрөмжөө сүлжээнд зориулж ажиллуулсан ч Биткойн баталгаатай авна гэсэн үг биш. Баталгаатай авахын тулд Mining Pool -нд Miner-ууд нэгдэж, хэн нэгнийхээ олсон Биткойныг өөрийн оруулсан хувь нэмрээр хувь бодож авах аргачлалыг хэлнэ. Pool-нд нэгдсэнийхээ төлөө тус Pool-дээ шимтгэл төлнө.

Private Key / Хувийн түлхүүр

Та өөрийн Биткойныг удирдах эрхийг таньд олгож буй хувийн нууц түлхүүр. Энэ түлхүүрээ өөр хүнд мэдэгдэж болохгүй бөгөөд түлхүүрээ алдах нь Биткойноо алдаж байгаатай адил.

Public Key / Бусдад нээлттэй түлхүүр

Таны хаяг гэж ойлгож болно.

Proof of Work PoW / Биткойн сүлжээний баталгаажуулалтын алгоритм

Блокнуудыг баталгаажуулж буй аргачлал. Компьютерын хүчин чадлаар математикын бодлого бодно. Оруулсан хүчин чадлаасаа хамаарч урамшуулал авна.

Pump and dump

Их хэмжээний мөнгөтэй хүмүүс хамтдаа нийлж нэг зоосыг гэнэт худалдаж авч эхлэнэ. Үнэ нь өсч, хүмүүс тэр зоос руу улам бүр шуурч, үнэ нэлээн өндөрт хүрсэн үед бүгд гэнэт зарж ашиг хийнэ.

P2P

Зөндөө олон компьютер интернэтээр дамжуулж нэг сүлжээ болох бөгөөд аль нэг компьютерыг сүлжээнээс салгалаа гэхэд сүлжээнд огт нөлөөлөхгүй. Ийм сүлжээ байснаар дундын тоглогч хэрэггүй болдог бөгөөд хүмүүс шууд хоорондоо харилцах бололцоог бий болгодог.

Proof of Stake PoS / Шинэ төрлийн зооснуудын баталгаажуулалтын алгоритм

PoW аргачлал нь эрчим хүчний хувьд үрэлгэнэ бөгөөд сүлжээг өргөтгөхөд хүндрэлтэй. Өөрт байгаа зоосыг дэнчин болгож тавьснаар баталгаажуулалт хийдэг шинэ төрлийн алгоритм.

Satoshi / Сатоши

0.00000001 BTC буюу зуун саяны нэг ширхэг Биткойныг нэг Satoshi гэж нэрлэдэг. Биткойн нь дижитал мөнгө учраас хязгааргүй хэмжээнд жижгээр задрах боломжтой бөгөөд ирээдүйд үнэ цэнэ өсөх үед энэхүү жижиг нэгжүүдийг арилжаанд хэрэглэснээр эргэлтийн шингэн байдлаа хадгалах зорилготой юм.

Securities / Санхүүгийн хөрөнгө оруулалт

Санхүүгийн хөрөнгө оруулалт. Хэрэв тус криптог худалдаж авснаар та ямар нэгэн компаний хувь, платформ эзэмшлийн эрх, эсвэл таньд эргүүлээд санхүүгийн хувьд ямар нэгэн амлалт өгч байгаа тохиолдолд Securities гэж тооцогдоно. АНУ-д татварын хувьд маш чухал ач холбогдолтой.

Smart contracts – Ухаалаг гэрээнүүд

Ухаалаг гэрээнүүд нь Блокчейн технологийн хамгийн том давуу талуудын нэг юм. Програмчлах боломжтой Эфириум зэрэг блокчейн дээр ухаалаг гэрээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм. Ухаалаг гэрээ гэдэг нь тодорхой суурь шаардлагууд хангагдсан нөхцөлж хэрэгждэг код гэж ойлгож болно. Блокчейн дээр бичигдсэн учраас тус кодыг хакдах, хүчээр зогсоох боломжгүй. Ухаалаг гэрээнүүдийг хооронд холбож, хослуулж програм хүртэл зохиох боломжтой.

Utility token / Хэрэглээний нэгж

Ямар нэгэн платформыг ашиглаж, тус платформоос үйлчилгээ авахын тулд ашиглагддаг нэгж.

Wallet / Хэтэвч

Биткойн хадгалдаг, хувь хүмүүс эзэмшдэг хэтэвчийн үйлчилгээ ажиллуулдаг сайт болон төхөрөөмжүүд. Биткойныг та ийм үйлчилгээ үзүүлдэг сайт дээр хадгалж болно, эсвэл бүр илүү найдвартай хадгалахыг хүсвэл зориулалтын төхөөрөмж худалдан авч хадгалж болно. Төхөөрөмж дээр хадгалах аргыг Hardware Wallet гэж нэрлэдэг. Та өөрийн Биткойныг өөрөө баталгаатай, аюулгүй хадгалахын тулд Private Key-г зөвхөн өөрийн хяналтан дор байлгах шаардлагатай. Хэтэвч гэж юу вэ?

Whale

Маш их хэмжээний Биткойн эсвэл Криптовалют эзэмшдэг хүмүүс.