crypto-currency-wallet

Биткойн хэтэвч гэж юу вэ?

Та Биткойн авж хэрэглэж эхлэхийн тулд заавал өөрийн гэсэн хэтэвчтэй байх ёстой. Хэтэвч байхгүй бол Биткойн хүлээн авч, хадгалж, шилжүүлэх боломжгүй. Биткойн хэтэвч нь яг Биткойн хадгалдаггүй бөгөөд танд өөрийн Биткойнууд руу нэвтэрч ашиглахад шаардлагатай нууц хувийн түлхүүрийг хадгалдаг. Нэг ёсондоо Биткойн хэтэвч гэдэг нь таны хувийн түлхүүрийг хадгалдаг сайт, программ, гар утасны апп, эсвэл төхөөрөмжийг хэлнэ.

Төхөөрөмж буюу Hardware Wallet

Төхөөрөмжин хэтэвч нь нууц түлхүүрийг өөр дээрээ хадгалах зорилготой төхөөрөмжүүдийг хэлэх бөгөөд та өөрийн Биткойныг шилжүүлэхийн тулд заавал өөрийн төхөөрөмжин хэтэвчийг компьютер эсвэл гар утас руугаа холбож байж шилжүүлэг хийх боломжтой болно.

Интернэтэд шууд холбогддоггүй төхөөрөмжин дээр таны нууц түлхүүрийг байлгадаг болохоор бусад хэтэвчнүүдтэй харьцуулахад хамгийн найдвартай гэж тооцогддог. Таны Биткойнуудыг хакерууд хулгайлах боломжгүй бөгөөд хулгайлсан ч нэвтрэхийн тулд заавал нууц үг, эсвэл пин код шаардана. Та төхөөрөмжөө алдсан ч өөрийн сэргээх нууц кодоор дамжуулж төхөөрөмжөө дахин сэргээх боломжтой.

Бусад хэтэвчний төрлүүдтэй харьцуулахад заавал мөнгө төлж төхөөрөмж худалдаж авна гэдэг нь төвөгтэй.

Шилдэг төхөөрөмжин хэтэвчнүүд

Ledger Nano S

Дэлгэцтэй хэтэвчэн төхөөрөмжүүд дундаа хамгийн хямд нь. Ойролцоогоор $65. 2016 оноос худалдаалагдаж эхэлсэн.

TREZOR

2014 онд худалдаалагдаж эхэлсэн, ойролцоогоор $100 үнэтэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг төхөөрөмжин хэтэвч.

KeepKey

2015 онд худалдаалагдаж эхэлсэн, мөн $100 үнэтэй. Nano S болон Trezor хоёроос илүү том дэлгэцтэй нь арай олон төрлийн функцуудыг дэмжих боломжийг олгодог.

Ledger HW.1

Ойролцоогоор $17 үнэтэй. Хамгийн хямдхан төхөөрөмжин хэтэвч бөгөөд дэлгэцгүй учраас дээрх төхөөрөмжүүдтэй харьцуулахад найдвартай байдал муутайд тооцогддог. Гэсэн ч онлайн эсвэл төхөөрөмж дээр ажилладаг хэтэвчтэй харьцуулахад илүү найдвартай юм.

Онлайн хэтэвч буюу Hot Wallet

Онлайн хэтэвч нь таны хувийн нууц түлхүүрийг интернэт орчинд таны оруулсан нууц үгээр encrypt хийж хадгалдаг. Төхөөрөмжин хэтэвч шиг аюулгүй байж чадахгүй ч ямар ч интернэтэд холбогдсон төхөөрөмжөөр дамжуулж шууд нэвтрэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Гар утасны хэтэвчнүүд

Mycelium

Андройд утаснууд дээр хамгийн түгээмэл ашиглагддаг хэтэвч. Хэрэглэхэд маш хялбар.

Breadwallet

iPhone утаснууд дээр хамгийн түгээмэл ашиглагддаг хэтэвч. Саяхан өөрсдийн Андройд хувилбарыг гаргасан.

Airbitz

iPhone болон Андройд утаснуудад зориулсан, маш энгийн хэрэглэхэд хялбар UI-тай хэтэвч.

Greenbits

Бүх төрлийн төхөөрөмж дээр ажиллах хэтэвч. Компьютер, гар утас, болон интернэт орчинд ажиллана. Гүйлгээ болгоныг заавал давхар баталгаажуулах шаардлагатай гэдгээрээ илүү аюулгүй гэж тооцогддог. Trezor болон Ledger төхөөрөмжүүдтэй холбож ашиглах боломжтой.

Bitcoin Wallet

Хамгийн анхны гар утасны хэтэвч. Шууд Биткойны сүлжээ рүү холбогдож ажилладаг учраас илүү найдвартайд тооцогддог. Хэрэглэхэд маш энгийн, Биткойн шинээр сонирхож байгаа хүмүүст хамгийн тохиромжтой.

Компьютер дээр ажилладаг хэтэвч

Electrum

2011 онд анх бий болсон Electrum хэтэвч нь компьютер дээр ажилладаг хамгийн сайн хэтэвч гэж тооцогддог. Trezor, Ledger Nano, Keepkey төхөөрөмжүүдтэй холбогдож ажиллах чадвартай. Интернэтэд холбогдоогүй компьютер дээр нууц түлхүүрээ хадгалах боломжтой. Сонирхогчид болон туршлагатай хүмүүст аль алинд нь тохиромжтой.

Биткойн банк буюу биржүүд

Шинээр Биткойн сонирхож байгаа хүмүүс өөрсдийн бирж дээр хадгалж байгаа Биткойнуудаа хэтэвчиндээ хадгалж байгаатай ялгаагүй мэтээр ойлгох тохиолдол байдаг. Хэрэв та өөрийн эзэмшилд байгаа Биткойныхоо хувийн нууц түлхүүрийг өөртөө хадгалаагүй бол таны Биткойн таны бүрэн удирдлаганд байхгүй байна аа гэсэн үг. Бирж дээр хадгалах нь банкинд мөнгө хадгалахтай төстэй. Хэдийгээр биржүүд өдөр бүр өөрсдийн найдвартай байдлыг улам сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа боловч Биржүүд хакдуулах тохиолдол Биткойны түүхэнд олон удаа гарсан билээ. Ийм нөхцөл байдал үүссэн үед та өөрийн Биткойнуудыг бүгдийг нь алдах эрсдэлтэй.

Bitfinex хак – Тухайн үеийн ханшаар $70 сая доллартай тэнцэхүйц Биткойн хулгайд алдагдсан.

Mt Gox хак – Тухайн үеийн ханшаар $450 сая доллартай тэнцэхүйц Биткойн хулгайд алдагдсан.

Биткойны хамгийн гол санаануудын нэг бол банкны системийг алгасч, та өөрөө өөрийнхөө банк болж ажиллахад оршино. Тиймээс та өөрийн хөрөнгийг найдвартай, аюулгүй хадгалах тал дээр сайн судалгаа хийж, тогтмол аюулгүй байдлаа сайжруулж байхыг анхааруулж байна.

Тогтмол Асуугддаг Асуултууд

Хэтэвч гэж юу вэ?

Биткойн хэтэвч гэдэг нь таныг өөрийн Биткойноо эзэмшдэг гэдгийг баталгаажуулдаг хувийн түлхүүр (Private Key)-г хадгалж байдаг програм эвсэл төхөөрөмжийг хэлнэ.

Private Key буюу хувийн түлхүүр гэж юу вэ?

Private key гэдэг криптографын аргаар олон нийтийн сувгаар хоорондоо нууц мэдээлэл солилцох боломжийг бий болгосон технологи юм. Хүн бүрт олон нийтэд харуулж болох бусдад нээлттэй түлхүүр (Public Key) байх бөгөөд хүн бүрт мөн зөвхөн өөрт нь байх хувийн түлхүүр байна(Private Key). Тань руу нууц мессеж илгээх хүссэн хүн тус мессежээ таны нээлттэй түхүүрээр Enchrypt хийж явуулах бөгөөд тэрхүү мессежийг зөвхөн та л өөрийн хувийн түлхүүрийг ашиглаж Decrypt хийж унших боломжтой юм.

Биткойны хувьд таны нээлттэй түлхүүр бол таны хэтэвчний хаяг бөгөөд, таны хувийн түлхүүр бол таны хэтэвч рүүгээ нэвтэрч ашиглах түлхүүр юм. Хувийн түлхүүрээ алднаа гэдэг бол хэтэвчиндээ байгаа бүх Биткойноо алдаж байгаагаас ялгаагүй.

Биткойн хаяг гэж юу?

Биткойн хаяг гэдэг нь таны хэтэвч рүүгээ зоос хүлээж авах хаяг гэсэн. Нэг ёсондоо таны банкан дах дансны дугаартай төстэй. Том үсэг, жижиг үсэг, мөн тооноос бүрдэх бөгөөд 34 оронтой байдаг.

Биткойн яг найдвартай юу?

Яг 100% баталгаатай найдвартай юм гэж байхгүй. Мөнгийг банканд хадгалах хүртэл найдвартай биш. Банкныхаа дансыг хакдуулж мөнгө алдсан, банк дампуурсан гэх мэт тохиолдлууд байнга гарч байдаг. Биткойн ч гэсэн мөн дагалдах олон эрсдэл бий. Гагцхүү та өөрөө судалгаагаа сайн хийж, өөрийгөө хамгаалах зөв арга хэмжээнүүдийг авснаар энэхүү эрсдлүүдийг бууруулах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.