20170610_ldp501

Биткойн үнийн савлалт

Сүүлийн үед Биткойны үнэ огцом өсч байгаа бөгөөд энэхүү үйл явдлын үр дүнд хэвлэл мэдээллийн сувгууд Биткойныг улам их мэдээллэж, үүний үр дүнд олон хүн шинээр Биткойны тухай мэдээлэл авч, Биткойн худалдан авах шийдвэрийг гаргаж байна. Энэ нь эргээд үнийг улам бүр дээш өсгөх хүчин зүйл болж байгаа билээ. Энэ үзэгдэл ихэнх хүмүүсийн хувьд маш гайхалтай санагдах боловч Биткойныг удаан ажигласан хүмүүсийн хувьд бол төдийлөн сонин зүйл биш юм. Тиймээс та бүхэнд Биткойны түүхэн дэх хамгийн том таван савлагааг танилцуулъя.

2013 оны гэнэтийн уналт

2013 оны хавар Биткойны үнэ нэг шөнийн дотор $233 -с $67 хүртлээ унасан байдаг. Ерөөсөө ганцхан шөнийн дотор үнэ цэнийнхээ 71%-ийг алдсан гэсэн үг. Үнэ буцаж сэргэх гэж бүхэл бүтэн 7 сар өнгөрсөн билээ.

Яагаад?

2013 оны уналт бол Биткойны хувьд хэвлэл мэдээллийн сувгаар танигдаж эхэлсэн анхны жил байсан юм. Түүнээс өмнө Биткойн 4 жилийн хугацаанд хэзээ ч $30 давж байгаагүй. Уналтыг үнийн өсөлтийн хэт хөөрөгдлийн засрах үйл явц гэж ихэнх мэргэжилтнүүд үзсэн билээ.

 

2013 оны хөөсрөл хагарсан нь

Аливаа салбарт үнэ нь байнга өсөх юм байна, хурдан ашиг хийгээд авъя гэсэн бодолтой хүмүүс олноороо цуглаж эхлэх үед хөөсрөл болдог. Манай орны хувьд нэг хэсэг байрны үнэ хэрхэн өсч байсныг хүмүүс санаж байгаа байх. 2013 оны турш Биткойн $120 хавьцаа байж байгаад 11 сарын үед гэнэт огцом өсч $1150 хүрч, 12 сар гэхэд $500 болтлоо унасан байдаг.

Яагаад?

Олон улс оронд хуулийн хүрээнд Биткойныг илүү эерэгээр харж эхлэх болсон бөгөөд шинэ биржүүд ч олноороо нээгдэж, шинээр сонирхож байгаа хүмүүст Биткойн худалдаж авах нь маш амархан болсон юм. Үүнээс болж хөөсрөл үүсч, мөн богинохон хугацаанд хагарсан байна. Биткойн дахин $1000 давахын тулд 4 жил өнгөрчээ. Хөөс хагарсны дараа хурдан сэргэх боломж байсан боловч доорх үйл явдлаас болж хүмүүсийн итгэл маш ихээр алдагдсан.

2014 оны MT. Gox хулгай

2013 оны хөөс хагарч, Биткойны үнэ буцаад маш хурдацтай сэргэсээр 2014 оны 2 сар гэхэд $867 хүрч байснаа хоромхон хугацаанд $439 хүртлээ унасан байдаг. Үүнээс хойш 2016 оны сүүл хүртэл Биткойн сэргэх ч биш, унах ч биш гацанги үе рүү орсон гэж хэлж болно.

Яагаад?

2014 оны 2 сард Японоос үйл ажиллагаа явуулдаг тухайн үеийн Биткойны арилжаа хийдэг дэлхийн хамгийн том бирж болох Mt. Gox хакдуулж 850’000 ширхэг Биткойноо хулгайд алдсан гэсэн мэдэгдэл гаргав. Үүнээс болж Mt. Gox нь дампуурч, бирж дээр арилжаа хийж байсан маш олон хэрэглэгч нар мөнгөө алджээ. Биткойны нэр хүнд болон аюулгүй байдалд хүмүүс эргэлзэж эхэлсэн байна.

2017 оны зун

2017 оны 1 сараас Биткойн дахин сэргэж эхэлсэн бөгөөд $1000 давж, 6 сар гэхэд $3000-т хүрчээ. Гэсэн ч 7 сар гэхэд гэнэт 36%-иар унаж, $1869 болсон байдаг.

Яагаад?

Биткойн маш хурдацтай хөгжиж байсан ч олон хүмүүс Биткойны шилжүүлгүүд удаж байгаа асуудалд санаа зовох болжээ. Litecoin, Ethereum зэрэг шинээр бий болсон криптовалютуудтай харьцуулахад Биткойн хэтэрхий удаан байгаа нь суурь кодонд асуудал байна гэсэн эргэлзээг хүмүүст төрүүлж эхэлсэн бөгөөд сүлжээг сайжруулах тал дээр хөгжүүлэгч нар маргаж эхэлсэн. Энэхүү маргаан нь сүлжээ 2 салах эрсдлийг бий болгож, үүнээс болж үнэ унаж байжээ. 8 сард сүлжээ ч 2 салж Bitcoin Cash шинээр үүссэн бөгөөд эргэлзээ байхгүй болж Биткойн мөн л сэргэж эхэлсэн.

Хятад улсын айдас

Зуны уналтаас хойш Биткойн огцом өсч эхэлсэн бөгөөд 9 сар гэхэд $5000 давж 9 сарын 15 гэхэд  37% -иар унаж, $3150 болсноор ердөө 2 долоо хоногийн дотор Биткойны нийт зах зээлийн үнэ цэнээс $30 тэрбум арчигдсан байдаг.

Яагаад?

Хятад улс нь шинээр мөнгө босгож буй ICO хориглож, хүмүүсийн дунд криптовалютыг тэр чигт нь хуулиар хориглох гэж байна гэсэн айдас бий болгосон билээ. Гэвч энэ мэдээг үл тоомсорлон Биткойн улам бүр хурдацтай сэргэж эхэлсэн бөгөөд яг одоо энэ мэдээг бичих өдөр буюу 11 сарын 22-ны өдөр $8250 байна.

 

Дүгнэлт

9 сараас хойш Segwit2x хэмээх нэртэй сүлжээн салалт 11 сард болно гэсэн мэдээ нь мөн л хүмүүсийг айдас болон эргэлзээгээр дүүргэж, үнэ огцом савлаж эхлэх болсон. Гэвч энэ салалт нэгэнт хийгдэхгүй болсноор үнэ дахиад хурдацтай өсч эхлэв. Өнөөдөр ч мөн хүмүүсийг айдас болон эргэлзээгээр дүүргэсэн таагүй мэдээ эргэлдсээр байна. Зөндөө олон биржүүд дээр хэрэглэгддэг манай Монгол улсын Төгрөгийн тэмдэгтийг ашигласан USD₮ буюу Tether хэмээх зохиомол ханш нь луйвар байж болзошгүй гэсэн хардалт байна.

Түүхийг сөхөж харахад Биткойн бол үнэхээр үнийн хувьд зах зээл дээр байгаа хамгийн өндөр савлагаатай зүйлүүдийн нэг бөгөөд, урт хугацаанд айж сандралгүй барьж хадгалж чадсан хүмүүс хожиж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Биткойныг өдөр бүр улс орнуудын Засгийн Газруудаас эхлээд сайн дурын хакерууд ч нураахыг эрмэлзэж байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл аль аль нь Биткойны хөгжилд нөлөөлж чадахгүй байгаа нь энэхүү технологи хүмүүсийн итгэл үнэмшлийг татах үндэс болж байна. Одоогоор Биткойны араас нэгдэж байгаа залуучууд болон тэдний байр суурь, үзэл бодол бусад бүх хүчин зүйлүүдийг даван туулж чадаж байна. Дэлхий дээр 21-хэн сая бий болох энэхүү ховор зүйлээс Монгол хүн бүр 1 ширхгийг эзэмшихийг эрмэлзэхэд буруу зүйл байхгүй мэт санагдах юм.

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.