IOTA гэж юу вэ?

Амлалт

Биткойны хөгжлийн замд яг одоогоор хэд хэдэн том шалгуур тулгарсан байгаа.

  1. Эрчим хүчний хэрэглээ тогтмол нэмэгдэж байгаа
  2. Олборлогч нар заавал байх шаардлагатай бөгөөд олборлолт дуусах үед олборлогч нар зөвхөн гүйлгээний шимтгэл дээр тэсэх үү?
  3. Сүлжээ гүйлгээнийхээ ачааллыг даахгүй болж ирсэн. Lightning хэдийгээр асуудлыг шийдэж болох ч хэсэг хугацааны дараа дахиад даацаа дийлэхгүй болох боломжтой.
  4. Ачаалал ихэссэнээс болж гүйлгээний шимтгэл болон хугацаа өссөн нь Биткойны суурь үзэлтэй нийцэхгүй байгаа.

Энэ бүх асуудлыг шийдсэн криптовалют хэмээн өөрсдийгөө байршуулж буй зоос бол IOTA юм. IOT (Internet-of-things) буюу бүх төхөөрөмжүүд хоорондоо холбогдож, харьцаж, худалдаа хийдэг тэр ирээдүй уруу зориулагдаж бүтээгдсэн энэхүү зоосыг эрчим хүч үрж олборлох шаардлагагүй, ямар ч шимтгэлгүйгээр хурдан хугацаанд шилжүүлэх боломжтой, цаашид өргөжиж томроход ямар ч асуудалгүй бөгөөд улам их гүйлгээ хийх тусам улам сайн болдог. Энэ бол IOTA гэдэг зоосны амлалт билээ.

Технологи

IOTA-г санаачлагчид IOTA-г Блокчейн ч биш, блокчейнээс илүү дараагийн үеийн технологи болох Directed Acyclic Graph (DAG) (Чиглүүлсэн давтсан циклд ордоггүй граф) зарчмаар ажилладаг гэж хэлж байгаа бөгөөд түүнийгээ “Tangle” гэж нэрлэсэн юм. IOTA-гийн суурь код нь Binary бус Trinary дээр бичигдсэн. Нэг ёсондоо Блокчейн нь 2 хэмжээст мод бол Tangle нь 3 хэмжээст мод гэж төсөөлж болно.

Шилжүүлэг хийхэд олборлогч байхгүй юм бол хэрхэн Consensus-т хүрэх вэ? IOTA-гийн гүйлгээ хийх гэж байгаа хэрэглэгч бүр өөрөө энэхүү Consensus-т хүрэх процессын нэг хэсэг болох бөгөөд гүйлгээ хийхийн тулд заавал өмнөх хоёр гүйлгээгээ баталгаажуулах шаардлагатай болно. Энэхүү технологийн давуу талууд нь IOTA хэд л бол хэдэн гүйлгээг асуудалгүй дийлэх чадвартай, ямар ч гүйлгээний шимтгэл байхгүй, төвлөрөл бий болох боломж улам бүр хомс, мөн Quantum компьютер гарч ирсэн ч сүлжээний аюулгүй байдалд нөлөөлөх боломжгүй болгож байгаа юм.

Энэхүү технологийн суурь математик болон тооцооллыг Whitepaper дээрээс нь илүү дэлгэрэнгүй харж болон. Ямар ч байсан Microsoft зэрэг хэд хэдэн том компаниуд энэхүү шинэ технологийг дэмжиж ажиллана гэж албан ёсоор мэдэгдсэн явдал нь энэхүү технологи амласан амлалтынхаа дагуу ажиллаж чадна гэдэг итгэлийг хүмүүст бий болгож эхлээд байна. Одоогоор IOTA-г хөгжүүлэгч нар нь энэхүү технологидоо Beta хувилбартаа явж байгаа гэж тооцож байгаа бөгөөд олон нийтэд хэрэглэхэд болсон гэж зарлах хараахан болоогүй байна.

Боломж

Хэрэв амласныхаа дагуу ажиллаж чадна гэдэг нь нэгэнт тодорхой болсон цагт энэ технологи дээр хийж болох зүйлийн боломж гагцхүү хүний сэтгэн бодох чадвараар л хязгаарлагдах юм. Бид хэрэв зоригтой шийдэмгий хөдөлж чадвал энэхүү технологиор Улаанбаатар хотынхоо утаа, түгжрээний асуудлуудыг ердөө хоёрхон жилийн дотор байхгүй болгох бүрэн боломжтой. Энэ технологи нь одоогийн мөнгө гэдэг зүйлийг бүрэн орлох чадвартайгаас гадна боломжийн хувьд мөнгөнөөс хамаагүй илүү.

Дэмжлэг

IOTA-г одоогоор доорх компаниуд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд байна. Дэмжиж байгаа компаниуд мөн өдөр бүр нэмэгдэж байна.

Тархац болон нэгж

IOTA-г олборлож болдоггүй учраас шинээр IOTA үүснэ гэж байхгүй бөгөөд энэ хорвоо дээр байж болох 2’779’530’283’277’761 ширхэг IOTA нь аль хэдийнээ бий болоод оршиж байгаа юм. Эдгээр IOTA-нуудыг энэхүү төслийг анх дэмжсэн хүмүүс ICO хэлбэрээр худалдаж тараасан юм. Мөн зөндөө ихийг янз бүрийн байгууллагуудад хандивласан. IOTA-г хөгжүүлж буй IOTA Foundation нь мөн нийт IOTA-ны 5% хандиваар авсан. Одоогийн байдлаар IOTA хэрхэн тархаж байгаа харахыг хүсвэл ЭНД  дарна уу.

  1. 1 IOTA = 1i
  2. 1000i = 1Ki
  3. 1000Ki = 1Mi (Бүх биржүүд дээр байгаа үнэ бол 1Mi худалдаалах үнэ юм)
  4. 1000Mi = 1Gi (Ойролцоогоор нийт 2’800’000 Gi байгаа гэж төсөөлж болно)
  5. 1000Gi = 1Ti

IOTA-г Bitfinex болон Binance сайтуудаас худалдаж авч болно. Хэтэвчний хувьд дандаа Open Source хөгжүүлэлт хийсэн хэтэвчнүүд байгаа бөгөөд эдгээр нь Биткойны хэтэвчнүүд шиг хэрэглэхэд тийм хялбар биш. Албан ёсны хэтэвч энэ оны сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа. Технологийн хорхойтнуудаас бусад хүмүүс албан ёсны хэтэвчийг гартал хүлээхийг бид зөвлөж байна. Тэрнээс өмнө худалдаж авахыг хүсвэл өөрийн хэтэвч рүү хийхгүйгээр бирж дээрээ байлгаж байх нь ихэнх хүмүүсийн хувьд илүү найдвартай байж магадгүй. Одоогийн хэтэвчийг Mac эсвэл Linux дээр Command Prompt ажиллуулж 100% санамсаргүй байдлаар Seed боловсруулж чадахгүй бол, мөн нэг хэрэглэсэн хаягаа яагаад дахиж ашиглаж болохгүй вэ гэдэг логикийг нь ойлгохгүй бол IOTA-гаа хадгалах болон шилжүүлэх гэж оролдох нь маш аюултай гэдгийг анхааруулж байна.

IOTA холбоос

oita.org

thetangle.org

github.com/iotaledger

iota.stackexchange.com

github.com/iotaledger/wallet/releases/tag/v2.5.4

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.