Ethereum гэж юу вэ?

Ethereum (Эфириум) буюу дэлхийн компьютер гэдэг энэхүү санааг та бүрэн ойлгохын тулд эхлээд манай сайт дээр тавигдсан байгаа доорх нийтлэлийг уншихыг зөвлөж байна.

2013 онд Виталик Бүтэрин гэгч 1994 онд төрсөн програмист залуугийн санаачилсан блокчейны энэхүү хэрэглээний арга нь дэлхийг Биткойноос илүү хүчтэйгээр өөрчлөх чиг хандлагатай байна.

Биткойны блокчейн дээр зөвхөн тархмал хөтлөл хадгалагддаг бол Эфириум блокчейн дээр тархмал компьютер оршиж байна гэж ойлгож болно. Үүнийг хүмүүс “Дэлхийн Компьютер” гэж нэрлээд байгаа билээ. Энэхүү дэлхийн компьютер дээр Эфириум-ын EVM(Ethereum Virtual Machine) ажиллах бөгөөд Solidity хэмээх програмын хэлийг ашиглаж ухаалаг гэрээ (Smart Contract) зохиох боломжтой юм. Ухаалаг гэрээнүүдээр дамжуулж мөн янз бүрийн вэбсайт, програм энэхүү компьютер дээр ажиллуулж болно.

Энэ яагаад чухал гэж?

Өнөөгийн манай нийгэмд хамгийн их эрх мэдэл төвлөрсөн цэг юу вэ? Улсын байгууллагын дарга уу? Том компаний захирал уу? Улсын их хурлын гишүүн? Ерөнхий сайд? Ерөнхийлөгч?

Монголын нийгэмд хамгийн их эрх мэдэл цугларсан цэг бол Facebook билээ. Хүмүүс өдрийн цагийнхаа ихэнхийг зарцуулдаг, манай сонгуульд шууд нөлөөлөх чадвартай, массыг хүссэн сэдэв болон чиглэл рүүгээ яаж л бол яаж хөдөлгөх чадвартай энэхүү вэб үйлчилгээний эрх мэдэл зөвхөн Монголд ч биш, дэлхийн бүх оронд ийм хэмжээнд хөгжсөн. Хятад улсын засгийн газар Google, Facebook зэрэг компаниудын эзлэх эрх мэдэл, нөлөөний хэмжээнээс сэргийлж анхнаасаа Хятад улсад үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрөөгүй. Саяхан хүртэл АНУ болон Европын орнуудын сонгуулийн эцсийн дүнд төлбөртэй гүйлгэсэн худал мэдээлэл нөлөөлсөн гэдэг нь батлагдлаа.

Facebook гэдэг компани хүмүүсийг урьд өмнө байгаагүйгээр хоорондоо холбогдож, харилцах боломжийг олгосон. Энэхүү боломжийг нь ашигласнаар дэлхий улам жижиг мэт санагдаж, гадаадад байгаа найз нөхөд, гэр бүлийн гишүүд маань хажууд байгаа мэт санагдах сайхан боломжийг хүмүүст олгосон үйлчилгээ. Тийм ч учраас бид өөрсдөд орших тодорхой эрх мэдлийг энэхүү үйлчилгээ рүү өөрсдөө сайн дураараа шилжүүлж өгснөөр энэхүү үйлчилгээнд эрх мэдэл төвлөрсөн.

Гэхдээ Facebook компаний зорилго бол бусад бүх бизнесийн байгууллагатай яг адилхан. Ашиг. Энэхүү компанид ашгаас өөр юу ч чухал биш. Нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аз жаргал, сэтгэл санааны тайван байдал, хүмүүсийн мэдрэлийн системийн эрүүл ажиллагаа зэрэг зүйлс ердөөсөө сонин ч биш. Ашиг хийхийн тулд Facebook компаний маш боловсронгүй AI (хиймэл оюун ухаан) таны цаг болон анхаарлыг татахын тулд зогсолтгүй өөрийгөө сайжруулж ажиллана. Эцэст нь таны амьдралд ямар ч хэрэггүй, үнэн худлаа нь мэдэгдэхгүй төлбөрт мэдээллээр таныг бөмбөгдөнө. Энэ технологи бий болоод хангалттай удаан хугацаа өнгөрснөөр хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаарх судалгаанууд одоо олон нийтэд нээлттэй болж эхэлж байна.

АНУ-ын түүхэнд анх удаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаагаар хямрах болон амиа хорлолтын түвшин нэмэгдсэн. Монгол улс амиа хорлолтын түвшингээрээ Азид 2-т орсон, Япон улсын урд.

http://www.wtxl.com/news/teens-increased-use-of-smartphones-linked-to-depression-suicide/article_8a1e3c4e-d914-11e7-a415-2f98fc477e22.html

Facebook их хэрэглэх тусам таны амьд харьцаанууд алдагдаж, таны аз жаргал багасдаг гэсэн судалгаа мөн гарсан. Монголчууд уур бухимдал, стрессийн хэмжээгээрээ дэлхийд 4т орсон.

https://hbr.org/2017/04/a-new-more-rigorous-study-confirms-the-more-you-use-facebook-the-worse-you-feel

Facebook өөрсдийн хийсэн судалгаагаараа АНУ-ын улсын сонгуульд маш хүчтэй нөлөө үзүүлж чадна гэдгээ баталсан. Монгол улсын сонгуульд ч гэсэн худал хуурмаг, хэрүүлийн шинж чанартай мэдээлэл тархах гол суваг болж ашиглагдаж, манай сонгуулийн шударга явцад нөлөөлж байгаа.

http://theconversation.com/can-facebook-influence-an-election-result-65541

Хэрэв Facebook ашгийн төлөө ажилладаггүй, зөвхөн хүмүүсийн хоорондын харилцаа холбоог сайжруулахын төлөө ажилладаг байсан бол ямар байх уу? Хэрэв Facebook -д эзэн гэж байхгүй, хэрэглэж байгаа бүх хэрэглэгч нар нь эзэн байсан бол ямар байх уу? Ямар ч рекламгүй, ямар ч төлбөртэй худлаа мэдээ байхгүй, таны мэдээллийг бусад байгууллагуудад борлуулдаггүй, хоёр хүний хоорондын харилцаа зөвхөн тэр хоёр хүний хооронд л үлддэг, ашгийн төлөө биш, бүх эрх мэдлийг нэг хүнд биш нийтээрээ хувааж эдлэх боломжтой тийм фейсбүк байвал ямар байх вэ? Ийм төрлийн фейсбүк Эфириум буюу дэлхийн компьютер дээр хийгдэж болох юм. Эфириум хүн төрөлхтөнд өгж байгаа хамгийн том потенциал, амлалт, боломж бол дэлхийн мэдээллийн технологийн мангасуудаас өөрсдийн эрх мэдлийг буцааж авах билээ. Одоогоор энэ технологи нь дөнгөж эхэлж байгаа, энэ амлалтандаа хүрэх маш хол байгаа ч энэ чиглэл рүү эрчимтэй хөгжиж байна.

Эфириум
Эфириум дээр хийгдэж буй үйлчилгээ, сайт, төслүүд 
Solidity дээр хөгжүүлж сурья гэвэл 

Би муур авсан, харин та муур авсан уу?
https://www.cryptokitties.co/

Сэтгэгдэл бичих

Таны Имэйл хаяг нийтлэгдэхгүй. Шаардлагатай талбаруудыг бүрэн бөглөнө үү.