Биткойн яаж ажилладаг вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах маш олон компьютерууд нийлж Биткойны сүлжээг бий болгож байгаа бөгөөд эдгээр хүмүүс өөрсдийн компьютерийн хүчин чадал, түүнийг ажиллуулах цахилгааны төлбөрийг төлсний хариуд Биткойн сүлжээний код эдгээр хүмүүсийг шинээр бий болох Биткойноор урамшуулна. Энэхүү компьютер ажиллуулж байгаа хүмүүсийг олборлогч гэнэ.

Энэ сүлжээнд дансны нэгдсэн хөтлөлт хадгалагдаж байгаа бөгөөд энэхүү нэгдсэн хөтлөлтөнд хэнд хэдэн Биткойн байгаа вэ гэдгийг бүртгэж явна. Сүлжээнд байгаа төхөөрөмжүүд бүгд ямагт энэхүү хөтлөлт дээрх гүйлгээнүүдийн үнэн зөв эсэхийг тогтмол шалгаж баталгаажуулах үүрэг гүйцэтгэнэ.

Блок гинжин хэлхээ буюу Блокчейн гэдэг нь Биткойн сүлжээнд бүртгэлтэй байгаа бүх Биткойн аль дансанд хэд байгааг бүртгэсэн нэгдсэн бүртгэл болно. Бүх баталгаажсан гүйлгээнүүд энэхүү хөтлөлтөнд бүртгэгдэнэ. Криптографийн аргаар энэхүү хөтлөлтийн үнэн байдал болон цаг хугацааны дараалал нь баталгаажна.

Гүйлгээ гэдэг нь Биткойн нэг Биткойн хэтэвчнээс нөгөө Биткойн хэтэвч рүү шилжих үйлдлийг хэлэх бөгөөд гүйлгээ бүрийг тухайн хэтэвчний эзэнд орших хувийн түлхүүрээр баталгаажуулна. Хувийн түлхүүрээ алдана гэдэг нь тус түрийвчийг болон түүний дотор байгаа Биткойныг алдаж байгаагаас ялгаагүй билээ. Гүйлгээнүүдийн үнэн зөв байдлыг Mine хийж байгаа төхөөрөмжүүд нэмж баталгаажуулснаар гүйлгээ эцэслэгдэнэ.

Баталгаатай хийгдсэн хэсэг гүйлгээнүүдийг бүгдийг нь багцалж нэг блокнд оруулж, блокийг ирээдүйд хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгох үүднээс маш нарийн криптографийн дүрмийн дагуу блокийг түгжинэ. Энэ процессийг мөн Miner-ууд хийнэ.