Bitcoin (Биткойн) гэж юу вэ?

Бидний хувьд Биткойн гэж юу вэ гэдгийг тайлбарлахын тулд эхлээд Биткойн юу биш вэ гэдгийг нь дурьдах нь илүү зөв санагдлаа. Ялангуяа сүүлийн үед Биткойн шинээр сонирхож эхэлж байгаа хүмүүс маш буруу ойлголттойгоор энэхүү технологийг сонирхож байгаа хандлага ажиглагдаж байгаа учраас энэ өнцгөөс эхэлж байгаа билээ.

  • Биткойн бол хурдан хугацаанд арилжиж, хурдан мөнгө хийж баяжих арга хэрэгсэл биш.
  • Биткойн бол луйвар хийх, мөнгө угаах, хууль бус үйл ажиллагаа санхүүжүүлэх арга хэрэгсэл биш.

Бидний хувьд Биткойн гэдэг бол хувьсгал. Дэлхий даяар тархсан Millenial гэдэг насны ангилалд хамрагддаг 1985-аас 1995 оны хооронд төрсөн залуучуудын нэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн. Millenial насны ангилалд хамрагддаг залуучууд дэлхий даяар энэ дэлхийн түүхэнд урьд өмнө байгаагүй эдийн засгийн маш таагүй орчин нөхцлийг өвлөж авч байгаа бөгөөд Биткойн нь энэ үр дүнд хүргэсэн систем тогтолцооны эсрэг өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлж буй хувьсгал юм. Биткойн гэдэг технологийг сонгосноор та өнөө цагийн мөнгө, банк санхүү болон зөвхөн ашиг харсан засаглалын бодлогын эсрэг тэмцэлд нэгдэж байна гэж өөрийгөө ойлгож болно.

2008 онд орчин үеийн түүхэнд бий болсон хамгийн том эдийн засгийн хямрал эд өрнөж байсан билээ. АНУ-ын хамгийн том банкууд өөрсдийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засаг болон хэрэглэгч нарт маш өндөр эрсдэл бүхий санхүүгийн бүтээгдэхүүнүүд гаргаж борлуулснаар энэхүү хямралын суурь тавигдсан. Эргээд энэхүү шийдвэрээсээ болж тус банкууд дампуурах түвшинд хүрэхэд банкуудын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэтэрхий том хэмжээнд хүрсэн байна гэдэг үндэслэлээр АНУ-ын Засгийн Газар татвар төлөгчдийн мөнгөөр энэхүү банкуудын хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж байсан юм. Энэ үйл явдлын дунд 2008 оны 10 сарын 31-нд интернэт орчинд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэх нэг эсвэл хэсэг бүлэг хүн

Ямар нэгэн Засгийн Газрын оролцоо байхгүй, ямар нэгэн банк санхүүгийн байгууллагын оролцоо байхгүй, ямар нэгэн бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын нөлөөнд автаагүй, цэвэр хүн хоорондын итгэлцэл дээрээс үнэ цэнээ бий болгодог орчин үеийн мөнгийг онлайн орчинд хэрхэн хийх вэ

гэдэг замыг зааж өгсөн Whitepaper -г интернэтэд тавьсан бөгөөд тэрхүү гаргасан санааных нь үр дүн нь өнөөдрийн Биткойн бөгөөд Блокчейн технологийн эхлэл юм.

Магадгүй Монголд байгаа бид нарт 2008 онд болсон тэр үйл явдал төдийлөн хамаагүй мэт санагдах байх. Гэхдээ энэ таны амьдралд маш хүчтэй нөлөөлсөн. Яагаад гэдгийг ойлгохын тулд эхлээд “ИНФЛЯЦИ” гэдэг Монголчуудыг ядууруулж байгаа хамгийн том дайсныг яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

2011 оны дундаж цалин ₮500’000 = $384

2017 оны дундаж цалин ₮650’000 = $265

Монголчуудын дундаж цалин төгрөгөөр ₮150’000 -аар нэмэгдсэн боловч доллараар $119 -өөр буурсан байна. Цаасан дээр амьдрал сайжраад байгаа юм шиг боловч бодит байдал дээрээ доройтсоны шинж.

Яагаад?

Манай улсын засаглал одоогоор маш муу байна. Боловсролгүй, мэргэжлийн бус хүмүүс Монгол улсыг ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлгүй, сэтгэл хөдлөл дээр үндэслэсэн буруу шийдвэр гаргаж удирдаж байгаа билээ. Засаглал муу байх тусам инфляци өндөр байдаг. Засаг буруу шийдвэр гаргаж, өрөнд орж, өрөө төлөхийн тулд төгрөг шинээр хэвлэж, эргүүлээд тэр гаргасан буруу шийдвэрийнх нь алдагдлыг ард иргэд үл үзэгдэх татвар болох инфляциар төлдөг.

2008 оны 8 сард Монгол төгрөгийн инфляцийн хэмжээ түүхэн дэх хамгийн дээд цэг болох 34.2%-д хүрж байсан нь дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой. 2007-2017 оны хооронд манай улсын инфляци жилд дунджаар 10.48%  байгаа нь манай улсын муу засаглал, эргүүлээд 2008 оны хямрал, мөн орчин үеийн санхүүгийн буруу тогтолцооноос шууд хамаарч байгаа юм.

Монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг юм цөөхөн бөгөөд бидний ихэнх хэрэглээ импортоор орж ирдэг. Гаднаас худалдан авалт хийхийн тулд ам.доллар хэрэгтэй. Доллар нь жил бүр дунджаар 2.2% инфляцитай байдаг.

Энгийнээр тайлбарлавал та төгрөгөөр цалинждаг, тэгээд та жил болгон өөрийнхөө цалинг 13%-иар өсгөж чадахгүй бол жил бүр таны цалин багасч байна аа гэсэн үг. 2007 онд та ₮10’000 -өөр худалдаж авч болж байсан юмыг өнөөдөр ₮30’000-өөр авна. Уг нь эдийн засгийн онолоор бол таны өнөөдрийн хөдөлмөрийн үнэ цэнэ хадгалагдах тусам ирээдүйд улам үнэ цэнэтэй болох ёстой байтал бодит нөхцөл байдал дээр эсрэгээрээ улам бүр багасч буй дүр зураг ажиглагдаж байна.

Дэлхий дээр ердөө 21 сая ширхэг Биткойн бий болох бөгөөд түүний дараа шинээр бий болох боломжгүй. Хэн нэгэн буруу шийдвэр гаргаж өрөнд орсныхоо хариуд цаасан дээр гарын үсэг зурж шинээр Биткойн эргэлтэнд оруулах ямар ч боломж байхгүй. Тиймээс урт хугацааны туршид Биткойн байнгын дефляцитай байна гэсэн үг. Нэг ёсондоо та Биткойн худалдаж авснаар хөдөлмөрийнхөө үнэ цэнийг хадгалах юм.